Энэтхэгийн Уттар Прадеш мужийн 36 настай эмэгтэй тус улсын хамгийн их жинтэй хүүг төрүүлээд байна. Фирдоус Хатун хэмээх тэрхүү эмэгтэй Уттар Прадеш мужийн Орай хотын Ража Рам Калавати хэмээх эмнэлэгт амаржиж, 6.6 кг жинтэй хүү төрүүлжээ. Энэ нь түүний ес дэх хүүхэд бөгөөд ийм их жинтэй хүүг кесарев хагалгаа хийлгэлгүй, 15-хан минутын дотор төрүүлсэн явдал нь эмч нарын гайхшралыг төрүүлсэн байна. Тийм ч учраас эмч нар хэдийнээ түүнийг "Гайхамшиг" хэмээн нэрийдсэн байна. Түүний эх Фирдоус өмнөх 8 хүүхдээ гэртээ төрүүлж байсан бөгөөд бүгд хэвийн жинтэй мэндэлж байжээ. Харин энэ удаад түүний нөхөр Кадир Раза эхнэрээ эмнэлэгт хүргэж өгснөөр ийнхүү тус улсын хамгийн их жинтэй мэндэлсэн амжилтыг шинээр тогтоосон хүүтэй болсон байна. Эмч нар хүүг яагаад ингэж жин нэмсэн шалтгааныг тайлбарлаж чадахгүй байгаа ч эх, хүү хочр эсэн мэнд байгаа явдлыг билэгшээсэн байна. Мөн хүүхдийн биеийн байдлыг хянаж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд гэрт нь гаргана хэмээн мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/