Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажил 20 гаруй жил яригдсан ч хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл уг станцыг барих төслийн ажил энэ өвөл эхлэхээр болсон байна. Төслийн нийт өртөг нь 827 сая ам доллар байх энэхүү томоохон бүтээн байгуулалтын талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Эгийн голын УЦС-ын анхны судалгааг 1964-1965 онд ЗХУ-ын Электросетьпроект институт хийж байжээ.
2. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтанд орсоноор суурилагдах хүчин чадал 315 МВт бөгөөд жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх аж.
3. Түүнчлэн 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм байна.
4. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн гэрээний дүн нь 10.8 сая ам доллар бол санхүүжилт нь 7.2 сая ам доллар байх аж.
5. Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг 2013 онд гаргасан бөгөөд 2019 онд дуусна хэмээн тооцоолжээ.
6. 1992-1995 онд эгийн голын усан цахилгаан станцын анхны ТЭЗҮ-ийг хийсэн байна. Үүнээс хойш Эгийн голын судалгаа шинэчлэгдээгүй яригдаж явсаар, 2013.11.16-нд Монгол Улсын засгийн газар барих шийдвэрийг гаргаснаар Төслийн нэгж байгуулагдаж 2015 оны 4-р сараас 8-р сарын хооронд өмнөх ТЭЗҮ-ийг 90 хувь бүрэн шинэчилжээ.
7. Эгийн голын УЦС-ын төслийн хэрэгжих хугацаа богино учраас энэ өвөл зарим ажлаа эхлүүлэхээр төлөвлөж, зураг төсөл, түр байгууламж, гүүрний шон, суурины барилгын ажлыг өвөлдөө багтаан хийж, дэд бүтцээ 13 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн байна.
8. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг Хятадын төрийн өмчийн “CGGC” компани концессын гэрээний дагуу гүйцэтгэх юм.
9. Хөрөнгө оруулагч компани эхний ээлжинд 10 сая ам.доллар гаргахаар төлөвлөжээ.
10. Далангийн барилгын ажил 2016 онд эхэлж 2019 онд хүлээлгэж өгөх бол 2020 оноос ТБНС-ийн өвлийин оргил ачаалалд бүрэн хүчин чадлаар оролцоно гэж тооцоолсон байна.
11. Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр байгуулагдана.
12. Энэхүү байршлыг 1965 онд ОХУ-ын судлаач эрдэмтэд гарган сонгож өгч байжээ.
13. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулах аж.
14. Монгол Улсад хямд эрчим хүчнээс гадна цэвэр усны нөөцийг усан цахилгаан станц бий болгоно.
15. Эгийн голын усан цахилгаан станц байгуулагдсанаар 5,6 тэрбум куб метр цэвэр усны нөөц, хэмжээгээр 154 км талбай буюу талбайгаараа Тэрхийн цагаан нуураас 2 дахин том нуур үүсэх боломж бүрдэх аж.
16. Эгийн голын УЦС төслийн ажлын зөвлөхөөр Франц улсын Трактвудд инженерийн компани ажилласан байна.
17. Килловатт цагийн өртөг нь 1,4 сая байх бөгөөд энэ нь энгийн эрчим хүчээс 10 дахин хямдхан өртөгтэй цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг юм.
18. Тус станцыг байгуулснаар цахилгаан эрчим хүчний импортыг бууруулна. Жил бүр ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж буй 25.0 сая ам.долларын гадагшлах мөнгөн урсгалыг зогсоон дотооддоо үлдээх боломжтой болох аж.
19. Төслийн хүрээнд 72.3 км цахилгаан дамжуулах шугам болон 71.9 км хатуу хучилттай замыг барих юм байна.
20. Төслийн нэгж УЦС-ыг ашиглалтанд ортол хариуцах бол УЦС нь төрийн өмчит байх юм.
21. Эгийн голын жилийн дундаж урсац 102 м3/с, 20 жилийн өмнө 95 м3/с байсан аж. Усан сан үүссэнээр хур тунадас нэмэгдэж, зөөлөн дулаан уур амьсгалтай таатай байгалийн нөхцөл бүрдэнэ.
22. Тус цахилгаан станцад 68.75 МВт-ын 4 Франсис турбин, 20.5 МВт-ын 2 Франсис турбин, 3 МВт-ын нэг туслах агрегатыг суурилуулна.
23. Эгийн голын УЦС нь горим тохируулгын станц болох бөгөөд шаардлагатай тохиолдолд 3 минутын дотор бүрэн хүчин чадлаараа буюу 315 МВт-аар цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой байх юм.
24. Эгийн голын УЦС төсөл нь Эгийн гол, Сэлэнгэ мөрний загасны зүйлийн бүрдлийн онцлогт тохирсон загас өнгөрүүлэх байгууламжтайгаар баригдах аж.
Б.Энхжин
Сэтгэгдэл (13)