Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадмыг энэ жил тав дахь удаагаа амжилттай боллоо.
Энэхүү наадам нь нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.
Энэ өдөр яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг толилуулав. Тус наадамд Монголын утга зохиолын шилдгүүд дурсамж яриа өрнүүлж, шүлэг найргийнхаа дээжээс өргөснөөс гадна О.Дашбалбар агсны алдартай шүлгүүдээр бүтсэн дуунуудыг МУГЖ Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон “Uvertura” хамтлаг дуулжээ. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар яруу найрагчийн шүлгүүдийг уншиж сонирхууллаа.