Өчигдөр Мьянмар улсын санал өгөх эрхтэй 30 сая иргэний 80 хувь анхны чөлөөт ардчилсан сонгуульд оролцож саналаа өгсөн. Сонгуулийн урьдчилсан дүн гарсан талаар Sky News мэдээллийн агентлаг дамжуулсан байна. Ажиглагч, шинжээчдийн урьдчилан таамаглаж байсны дагуу Мьянмарын Ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөө Үндэсний лиг нам ялалт байгуулсан нь бараг тодорхой боллоо. Гэхдээ улсын 5 мужаас сонгуулийн дүн мэдээ хараахан ирээгүй байгаа юм байна. Тиймээс сонгуулийн хорооны албан ёсны дүнг танилцуулаагүй байна.
Тус нам хүн амын нягтаршил сайтай төвийн бүсүүдэд иргэдийн 80 хувийн дэмжлэгийг авсан бол Мон болон Каян мужуудад 65 хувийн саналаар ялсан байна. Цэргийн эрх мэдэлтнүүдийн Холбооны эв нэгдэл, Хөгжлийн намын дарга Хтай Оо ямар ч нөхцөлд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ.
Аун Сан Су Чи өөрийн намыг ялна гэдэгт бат итгэлтэй байсан төдийгүй, түүхэн ялалтын дараа ялагдсан намыг өдөөн хатгахгүй байхыг дэмжигчдээсээ хүссэн байна.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/
Сэтгэгдэл (6)