Баруун Африкийн улс орнууд бүтэн жил гаруйн хугацаанд Эбола вирусын халдвартай тэмцэж ирсэн билээ. Эбола вирусын дэгдэлт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа Африкийн бүс нутагт гарч байсан ч энэ удаагийнх шиг ийм их хор хохирол дагуулж байгаагүй юм. Сьерра-Леоне улсын хувьд саяхныг болтол энэ өвчинтэй тэмцэж байсан бөгөөд өчигдөр буюу Бямба гаригт Эбола вирусын тархалтыг бүрэн зогсоож чадснаа зарлалаа. Энэ өвчний улмаас Баруун Африкийн бүс нутгийн эдийн засгийн болоод нийгмийн хөгжил бүтэн нэг жилийн хугацаанд зогсонги байдалд орсон юм. Тиймээс ч Сьерра-Леоне улсын ард иргэд энэ өвчнийг дарж чадсандаа тун баяртай байгаа юм. Нийслэл Фритаун хотдоо иргэд дуулж бүжиглэн, дахин ийм их хор хохирол дагуулсан өвчин эмгэг тархахгүй байхын төлөө залбирсан байна.
ДЭМБ-ын мэдээлж байгаагаар тухайн улс оронд халдварт өвчний шинэ тохиолдол 42 хоногийн туршид бүртгэгдээгүй нөхцөлд тухайн халдварыг бүрэн дүүрэн дарж чадсанд тооцдог юм.
Сьерра-Леоне улсад Эбола вирусын халдварын улмаас 4000 орчим хүн нас барсан юм. Харин Баруун Африкийн бүс нутгийн хэмжээнд вирусын халдвараас үүдэн нас барсан хүний тоо 11,000 давж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/