Хараахан хүүхэдтэй болоогүй бүсгүйчүүдийн дийлэнхэд нь “Би сайн ээж болж чадах болов уу?” гэдэг нууцхан айдас байдаг. Ээж нь “Миний охин нэг л өдөр мундаг ээж болно оо” гэж хэлдэг, нөхөр нь ч хүртэл “Чи минь гайхалтай ээж болж чадна аа” гэж хэлсэн ч хамгийн сайн хийхийг хүсдэг ганц зүйлдээ өөрийгөө “тэнцэх” эсэхт үе үе эргэлздэг эмэгтэйчүүд олон бий. Гэхдээ эмэгтэй хүн болгон л цаанаасаа эх хүн болохоор заяагдсан учраас байгалиас өгөгдсөн төрөлхийн авьяастай байдаг шиг санагддаг. Жаахан охид хүртэл тоглохдоо хэзээний л хүүхэлдэйгээ хүүхэд шиг тэвэрч өлгийдчихсөн, бүүвэйлээд сууж байдаг шүү дээ. Тийм болохоор энэ хорвоогийн ямар ч эмэгтэй үүнд тэгтлээ санаа зовох хэрэггүй байх. Тэгсэн ч өөрийгөө нэг шинжээд үзмээр санагдаж байвал дараах нийтлэлийг уншаарай.
1. Ямар ч эмх замбараагүй нөхцөл байдалд шууд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө тэвчээртэй хандаж, сонсож чаддаг
Чи сайхан ааштай, тэвчээртэй эмэгтэй. Машин бариад явж байхад хажуунаас өөр нэг машин урдуур чинь орох гэхэд, өндөр хурдтай chaser гэнэт дайрах шахам хажуугаар өнгөрөхөд чи хараалын үг урсгаж, хойноос нь орилон хэрүүл хийлгүй хурдхан тайвширч чадна. Энэ бол сайн ээж болоход дэндүү чухал чанар. Учир нь хүүхэд чиний тэвчээрийг жинхэнэ утгаар нь шалгах болно. Энд, тэнд гүйж харайж, өндөр юм руу авирч унаж, өөрийгөө гэмтээчих гээд л, аймшигтай чанга хашгирч толгойг чинь өвтгөнө, бүх зүйл чинь эмх цэгцгүй, хичнээн янзалсан ч эргээд харахад л замбараагүй болчихно гээд маш олон асуудал зогсоо зайгүй үүснэ. Энэ бүхэнд машин барьж байхдаа тэвчдэг шигээ, уурлаж загнахаа урьтал болголгүй тайван хандаж чи чадна.
2. Чи бол хил хязгаараа зөв тогтоосон нэгэн
Чи бол зөв хүмүүсээ сонгож нөхөрлөж чаддаг нэгэн. Найз нөхдийн хүрээлэл чинь хүүхдэд муу үлгэр дууриал үзүүлэхгүй, сайн хүмүүс байдаг бол энэ нь чамайг супер ээж болох бүсгүй гэдгийг баталж байна. Мөн хүмүүс чамтай нөхөрлөхдөө дуртай байдаг нь чиний дэргэд байх нь таатай сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд чиний сайн сонсогч, бусдыг хүндэлдэг нэгэн болохыг давхар харуулж байгаа юм. Хожим чи хүүхэдтэйгээ ч бас бусадтай харилцдаг шигээ нээлттэй харьцаж, хэцүү үе тулгарахад нь асуудлыг нь сонсон ярилцах сайн “найз” нь байж чадна гэсэн үг.
3. Чи бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг
Найз чинь, нөхөр чинь чамтай чинийхээс тэс өөр үзэл бодлоо хуваалцах үед чи хүлээж авч чаддаг. Хэдий чиний бодол өөр байсан ч, тэр ямар учраас тэгж хэлсэн талаар чи бодож үзээд, түүний оронд өөрийгөө тавьж үздэг. Бусдын үг, үйлдлийн цаад мөн чанар, учир шалтгаан, хүсэл эрмэлзлийг ойлгож, хүлээж авахын тулд өөрийгөө оронд нь тавих гэдэг маш том чадвар хэрэгтэй. Энэ чадвар чинь чамайг хүүхдээ уйлагнаж, уурлаж, учир нь олдохгүй ааш гаргахад “яг яамаар” байгааг нь ойлгож тайвшруулж аргадахад нь тус болно.
4. Танихгүй хүний төлөө ч чадах бүхнээ хийдэг
Чи урьд нь огт танихгүй хүний төлөө ямар нэгэн сайн зүйл хийж байсан уу? Жишээ нь, машин ирж байгааг анзааралгүй зам гарах гэж байгаа хүнийг дайруулахаас нь өмнө гүйж очоод замаас татах. Халаасаа суйлуулж байгаа хүнд “Хулгайч” гэж сануулан орилох гэх мэт. Магадгүй танихгүй хүнээс болоод чи өөрөө ч бэртэж, гэмтэж болно. Гэхдээ л чи ийм зүйлийг зүгээр хараад сууж чаддаггүй. Ээж болно гэдэг чамаас өөрийгөө үл тоомсорлон, бусдын төлөө хичээхийг алхам тутамд шаарддаг зүйл. Танихгүй хүний төлөө ч чадах бүхнээ хийдэг хүн, үрийнхээ төлөө бол дээд зэргийн хариуцлагатайгаар хичээж, сэтгэл гаргаж чадна.
5. Шаардлагатай бол бохир ажлыг ч хийж чадна
Сайн найз чинь согтуудаа жорлон дотор бөөлжөөд зогсож байвал чи заваан болчихсон үснээс нь сэжиглэхийн оронд ард нь барьж, нурууг нь дарж өгөөд халамжилдаг. Ажлын бүсгүй чинь ханиад хүрчихсэн гэвэл чи “Надад халдчих вий” гэхээсээ илүү цайны цагаараа гарангаа чацаргана авч ороод найруулж өгдөг. Гэрт чинь ирсэн зочид жорлонгийн суултуурыг чинь бохирдуулсан байвал төвөгшөөлгүйгээр гялс цэвэрлэчихдэг. Иймэрхүү бохир ажлыг хийхээс санаа зовдоггүй бол хүүхэдтэй болсон хойноо санаа гарах нэг ч болов асуудал хасагдаж байна гэж ойлгож болно. Зарим хүмүүс жаахан хүүхдийн живхнээс хүртэл сэжиглээд, сольж чаддаггүй шүү дээ.
6. Өөрийгөө яаж хайрлахаа мэддэг
Чи өөртөө 100 хувь төгс итгэлтэй биш л дээ, хэн ч угаасаа тийм биш. Гэхдээ чи хэзээ ч өөртөө итгэлгүй зангаасаа болон бусдыг доош нь хийж, бусдад атаархан хорлох эсхүл өөрийгөө цаг үргэлж муулах үйлдлийг хийхгүй. Мөн чамд өөрийн гэсэн баримталдаг зарчим бий, зөв гэсэн зүйлдээ бат итгэлтэйгээр зогсох зориг ч бий. Өөртөө хортой гэж бодсон зүйлээсээ татгалзаж чаддаг, гаргасан алдааныхаа дараа эргэн сэргэдэг тэнхэл ч бас бий. Энэ бол өөрийгөө хайрлах аргууд мөн. Хэрвээ чи өөрийгөө хайрладаг бол хүүхдүүд чинь ч бас өөрийгөө хайрлахад суралцсан хүмүүс болж төлөвшинө.
7. Хяналтаас чинь гадуур өрнөх зүйлийг хүлээн авч чаддаг
Бүх зүйл чиний хяналтанд байх боломжгүй. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсний дараа ч хүлээгээгүй, төсөөлөөгүй зүйлс болж л байдаг. Энэ чинь л амьдрал шүү дээ. Үүнийг ойлгож чаддаг эмэгтэй үнэхээр сайн ээж болж чадна. Хэдий чи бүхнийг төгс болгох гэж хичээдэг ч, юмс бодсоноос өөрөөр эргэх үед хааяа “За за, ямар хамаатай юм” гээд тайвширч чаддаг бол мундаг! Хүүхдүүдэд бүхнийг чадагч, өөгүй ээжтэй байснаас дэргэд нь стрессгүй байдаг ээжтэй байх л илүү чухал байдаг.
8. Чи хошин шогийн мэдрэмжтэй
Үнэхээр хэцүү үе тохиолдсон ч “Хөгтэй ч юм аа даа” гээд инээж чаддаг ээж, хүүхдийнхээ сахилгагүйтлээс болоод шалаар дүүрэн воктой ус асгарсан ч тэрүүгээр нь хөөс үлээгээд хамт тоглож чадах ээж бол үнэт эрдэнэ гэсэн үг. Хошин шогийн мэдрэмж бол амьдралыг өргөж, өөдрөг болгож, тухайн цаг мөчөө хайрлахад сургадаг чухал чанар юм. Хэрвээ чамд шөнөжингөө уйлсан өөрийнхөө бүлцэн нүдийг хараад шоолж инээмээр санагдаж байсан бол, нэг ч хариултыг нь мэдэхгүй шалгалтанд ороод бөглөх хуудсан дээр “микки маус”-ын дүрсээр будаж суусан удаа байгаа бол магадгүй чи бусдын нүдэнд “мангар” мэт харагдах ч хүүхдийнхээ хувьд дэндүү гайхалтай ээж байж чадна.
Эдгээр шинжүүд байвал чиний ээж болох ур чадварт эргэлзэх зүйл алга. Байхгүй байсан ч битгий санаа зовоорой, хүүхэдтэй болно гэдэг өөрөө маш том “сургууль” учраас бүгдийг нь чи ээж болоод өөрөө нэг л мэдэхэд сурчихна. Бүх эмэгтэйчүүд мундаг ээж болж чадна!