АНЭУ-ын Абу Даби хотод саяхан болсон жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгө, “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Цэдэн-Очирын Цогтбаатартай ярилцлаа.
-Абу Дабигийн татамид үнэхээр “супер” байлаа. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Уг нь түрүүлэх зорилготой очсон. Насанд хүрэгчдийн ДАШТ-д томчуудтай барилдаад үзчихсэн болоод тэр үү, бэлтгэл сургуулилт тун боломжийн байсан. “Их дуулгад” хэсгийн барилдаанд өрсөлдөгчдөө дараалан цэвэр ялсан ч зооны аваргын барилдаанд нуруу жаахан эвгүй болчихсон. Тэмцээний дараа намайг дэвжээнээс шууд эмнэлэгт хүргэх гэхэд нь медалиа авчих санаатай яваагүй. Тэгсэн Олон улсын жүдо бөхийн холбооноос нэр өгсөн болохоор шагналын тавцанд гаргах боломжгүй гэсэн. Тэгээд их үнэ цэнээр олдсон медалиа шагналын тавцангаас авч чадахгүй нь дээ гээд харамсаад уйлж байхыг харсан нэгэн албаны хүн хүрч ирээд намайг дагуулаад медалийн тавцанд авч гарсан.
-“Их дуулга”-д нэлээн хүнд бэртэх шиг болсон. Нуруу нь гайгүй юу?
-Эмч хэлэхдээ “Монголд очоод шууд зураг авахуулаарай” гэсэн. Одоо булчин хэсгээр жаахан зовиуртайг эс тооцвол гайгүй ээ. Ямартай ч Абу Дабигийн татами надад үнэхээр ээлтэй байлаа.
-Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер шагнал гардуулахдаа таныг тэвэрч, үг хэлэх шиг болсон. Юу гэж хэлсэн нь сонин байна?
-“Баяр хүргэе. Чи шилдэг байлаа. Амжилт хүсье” гэж хэлнэ билээ. Тийм мундаг хүнээс ийм гоё үг сонсоход их урам орсон шүү.
-Хоёр жилийн өмнө өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэний чинь дараа энд (Спортын төв ордны “Б” зааланд) ярилцлага авсан. Санаж байна уу?
-Мэдээж, тод санаж байна. Тэгэхэд хэвлэлд анх удаа ярилцлага өгч байлаа. Түүнээс хойш миний амьдралд их зүйл өөрчлөгдсөн. Насанд хүрэгчдийн ангиллын олон арван тэмцээнд барилдаж, ах нараас сурч, мэдэж, их зүйл ойлгож авч байна.
-Энэ спортод орсон нь хэдэн он бэ?
-2007 онд. Намайг 12-той байхад Монгол бөхийн өргөөнд бага насны хүүхдүүдийн үндэсний бөхийн “хуурнин шуугигч” гэдэг барилдаан болох зар дуулаад аавтайгаа эртлэн босч бүртгүүлэхээр таксидаад иртэл бүртгэлийн хураамжны төлбөр дутчихсан. Тэгээд аав маань ээжид мөнгө захиад ирэх зуур бүртгэлийн хугацаа дуусчихав. Барилдааны бүртгэлд хамрагдаж чадаагүйдээ харамсч, хор шар их хөдөлж Монгол бөхийн өргөөний хүйтэн шалан дээр уйлж суухад аав, ээж хоёр минь хүүгээ өрөвдсөн үү, тэр өдөртөө Ц.Шийрэв багштай уулзаад шавь оруулж билээ. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл жүдогоороо барилдаж явна.
-Жүдогийн татамид хөл тавьсан анхны сэтгэгдэл ямар байв?
-Жүдогийн ямар ч төсөөлөлгүй энэ бэлтгэлийн зааланд ороход заалны энд тэнд хүүхдүүд мэх давтаж, өнхөрч, бие халаахыг хараад жаахан гайхаж л байлаа. Бөхийн дугуйланд очно гэхээр үндэсний бөх шиг орчин угтах юм болов уу гэж төсөөлсөн хэрэг. Тэгсэн дэвжээний ёслол, мэх давтах, бие халаах гээд бүгд дэг жаягтай. Гэсэн ч энэ бүхэн надад сонирхолтой, сайхан санагдсан.
-Анхны өмсгөл чинь одоо бий юу?
-Ээж дурсамжтай гээд нандигнаад хадгалчихсан байгаа. Би анх бэлтгэлд тэекводогийн кимонотой ордог байсан. Бага зэрэг том кимоно байсан болохоор хоёр талаас нь ханзлаад, эмжээрийг нь багасгаж өөртөө тааруулж өмсч байлаа. Аав цагаан даавуун материалаар бүс хийж өгсөн дөө. Тэгэхэд шигшээгийн ах эгч нар сүрдмээр гоё харагдана. Хэзээ энэ хүмүүс шиг сайн жүдоч болох бол гэж битүүхэн мөрөөддөг байв. Тэгсэн өнөөдөр ах эгч нартайгаа бэлтгэл хийгээд сайхан байна аа. Миний мөрөөдөл эхнээсээ биелж байна. Аз авчирч, амжилт дагуулах кимоно байж л дээ.
-Таны жүдогоор хичээллэсэн найман жилд Монголоос олимп, дэлхийн аварга төрсөн. Энэ амжилтууд таныг хурцалдаг уу?
-Яг үнэндээ олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад цагаан атаархал төрдөг. Тэдний медаль хүртэж буй агшинг хараад байж ядан тэр дороо бэлтгэл хиймээр санагддаг. Яаж энэ хүмүүс шиг мундаг болох вэ гэж өөрийгөө хурцалдаг. Ер нь хор шартай хүн дээ.
-Таны барилдааны хэв маяг Х.Цагаанбаатартай төстэй юм шиг санагддаг?
-Би өөрийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж барилддаг. Миний барилдааны алдаа, оноо надаас гарсан сэтгэл. Ц.Цагаанбаатар ахын барилдааныг харахаар урамтай сайхан байдаг, энэ агуу хүнийг хайрлаж, хүндэлж шүтэж явдаг. Бэлтгэл сургуулилтаа сайн хангаж, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Д.Амартүшин ах шиг бахдам амжилт үзүүлж, хангалуун сайхан амьдрахыг хүсдэг дээ.
-Таныг шүүгч рүү хэтэрхий хандаж барилддаг гэж шүүмжилдэг?
-Ийм шүүмжлэлийг хэд хэдэн хүнээс сонссон. Энэ яах аргагүй миний алдаа. Хүмүүсийн шүүмжлэлийг зөвөөр хүлээж авдаг. Мэдээж алдаа гаргадаггүй хүн байхгүй ч алдаагаа давтахгүйг хичээдэг.
-Мэргэжлийн сүмогийн шинэхэн озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, ААШТ-ий алтан медальт Д.Төмөрхүлэг, аймгийн арслан Б.Лхагвадорж, ОУХМ Б.Тэмүүлэн нартай хамт бэлтгэл хийдэг байв уу?
-Г.Ган-Эрдэнэ, Б.Лхагвадорж бид хэд нэг үеийнх. Нэг дэвжээнд хамт бэлтгэл хийж байсан Г.Ган-Эрдэнийг маань сүмод түрүүлэхэд их баярласан. Бид нэг багшийн шавь ч хамт мэх давтаж, барилдаж ер үзээгүй. Ганаа надаас биеэр том болохоор нуруу ойролцоо хүүхдүүдтэй бэлтгэл хийдэг байсан.
-Ц.Шийрэв багш та хоёр нэг нутгийнх байх аа?
-Тийм ээ. Багш бид хоёр Баянхонгорынх. Би саяхан болсон “Баянхонгорын бага олимп”-ийн нээлтэд бамбар асаасан. Өмнөх олимпийн бамбарыг М.Уранцэцэг эгч асааж, хожмоо дэлхийн аварга болсон. Би бэлгэшээж байгаа. Энэ дашрамд Ц.Шийрэв багш, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, ОБЕГ, “Аваргч” спорт хороо, шигшээ багийнхандаа их баярлаж байна аа.
-Тэмцээний үеэр багштайгаа холбоо барьсан уу?
-Цаг зав гарвал фэйсбүүкээр холбогддог. Багш “Жингээ барина шүү. Нурууны бэртгэл нь гайгүй юу, миний хүү сайн барилдсан шүү” гэж хэлсэн.
Д.Жавхлан