Италийн нийслэл Ром хот эртний түүхэн дурсгалт хөшөө дурсгал, барилга байгууламж, усан оргилууруудаараа алдартай билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихэсч байгаа нь хөшөө дурсгалуудад аюул учруулж байна.Өөрөөр хэлбэл агаарын бохирдлоос болж гантиг чулуу, хүрлээр хийсэн хөшөө дурсгалуудын өнгө нь хувирч, элэгдэж, зэврэх зэрэг шинж тэмдэг ажиглагдаад байна. Ром хотын 4,000 орчим хөшөө дурсгал аюулд ороод байгааг шинжээчид хэлжээ.
Байгаль орчныг хамгаалах хүрээлэн болон Нөхөн сэргээх, хамгаалах хүрээлэнгүүд хамтран хорт утаа эртний хөшөө дурсгалуудад хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Хүрээлэнгүүд ажиглалтын 7 төвийг байрлуулж судалгааныхаа дүнг гаргажээ.
Ром хотын хавцал мэт нарийн гудамжууд агаарын бохирдол агуулах гол хэсэг болж хөшөө дурсгалууд доод хэсгээсээ эхлэн гэмтэж байна. Тиймээс эртний түүхтэй, үзэсгэлэнт хотоо хадгалж үлдэхийн тулд агаарын бохирдлоо бууруулах хэрэгтэй гэдгийг тэд уриалжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/