Өнгөрсөн 7 хоногийн бямба гаригт Египетийн Синайн хойгт осолдсон ОХУ-ын Метрожет нислэгийн компаний Эйрбус-321 онгоцны ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. АНУ-ын тагнуулын албаны өгсөн урьдчилсан дүн мэдээгээр Эйрбус онгоцыг дэлбэлсэн байж магадгүй юм.
Онгоц осолдсон Синайн хойгийн хойд хэсэгт Египетийн аюулгүйн хүчин орон нутгийн Исламын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэлдсээр ирсэн. Үүнээс гадна Исламын улс бүлэг ОХУ-ын Сирид явуулж буй агаарын дайралтын эсрэг хариу арга хэмжээ авч онгоцыг сөнөөсөн гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Гэвч Египетийн эрх баригч Исламын улс бүлэглэл уг ослоор дамжуулан өөрсдийгөө сурталчилснаас өөр зүйлгүй хэмээн Исламын бүлэглэлийн мэдэгдлийг үгүйсгээд байгаа юм.
АНУ-ын тагнуулын албанаас гадна Их Британи улс ч мөн онгоцыг дотроос нь дэлбэлсэн гэж үзэж байна. Албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа хэдий ч Их Британи Египет дэх Улаан тэнгисийн эргийн амралт цогцолборын газраас бүх нислэгээ цуцлаад байгаа юм. Харин Оросын шинжээчдийн хувьд ослын шалтгааныг дүгнэх эрт байна гэсэн байр сууринаас хандаж байна.
Онгоцны хар хайрцгийг олсон боловч дуу хураагуур нь ослын үеэр эвдэрсэн байна. Долоо хоногийн эхэнд хиймэл дагуулаас авсан мэдээллээр тэнгэрт гэрэл гялсхийсныг мөн илрүүлсэн тухай хэвлэлүүд мэдээллэж байсан билээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/