40-өөд жилийн тэртээ Өвөрмонголоос Армонгол руу аавтайгаа цагаачилж ирсэн жаахан охин “ Би монгол хүн” бүтээлийн гол дүр байлаа. Эдүүгээ 40 жилийн турш харь нутгийн хүн гэж хүн амын тооноос хасагдаж, төрийн түшээдээ сонгох эрхээ хязгаарлуулж явсан нэгэн эмэгтэй Би Монгол хүн шүү хувь заяагаар олгогдсон энэ л нутаг миний эх орон гэж хүссээр ирсэн.
Амьдралынхаа бүх л хүч хөдөлмөрийг Монгол орондоо зориулж тэргүүний саальчин, төлчин явсан тэрээр 2009 онд Монгол улсын иргэн болсон тухай бодит амьдралаас сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл "Би монгол хүн" УСК Ази, Номхон далайн орнуудын радио телевизийн шилдэг бүтээл шалгаруулах “ABU AWARD 2015” наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг хүртэн байна.
Тавхан минут үргэлжлэх энэхүү бүтээлийг монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид бүтээсэн бөгөөд найруулагч, зураглаачаар О.Энхболд, редактороор Х.Шинэ-Од, эвлүүлгийн найруулагчаар О.Эрдэнэпүрэв, продюсерээр СГЗ Д.Цоодол нар ажиллажээ. Монгол кино урлагаа дэлхийн тавцанд гаргахаар ийнхүү амжилт дүүрэн яваа уран бүтээлчиддээ баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.