“Өгөх нь авахаасаа илүү” уриатай “Үндэсний өгөх өдөр” жил бүрийн 11 дүгээр сарын 1-нд тохиодог. Энэ жил тус өдөрт зориулж “Энэ бол би” үзэсгэлэнг Занабазарын музейд нээсэн нь олны анхаарлыг татаж байна.
Үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нарын саажилттай хүүхдүүд өөрсдийн зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа юм. Дээрх ЗАЛУУС гараараа биш амаараа, хөлөөрөө зураг зурдаг. Саажилтын улмаас гараараа зурах боломжгүй зөвхөн амаараа, хөлөөрөө зурсан уран зургууд, олон жил хичээж цуглуулсан машины болон түлхүүрийн оосорын цуглуулга мөн хоёр ч шүлгийн номоо хэвлүүлсэн хүүгийн шүлгүүд нь үзэгч таньд тэдний сэтгэлийн ертөнц, мөрөөдөл, харах өнцгийг таниулна.Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа эдгээр хүүхдүүдийг дэмжиж, тэдэнд урам өгөн өөрийнхөө орон, орны хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ. Тэрбээр өөрийн цуглуулган дахь 400 гаруй хүүхэлдэйгээ тус үзэсгэлэнд тавьсан байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай саажилттай хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргаж байна. Эдгээр хүүхдүүд надад хүсэлт тавьсны дагуу хамтдаа үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ бол миний хоёр дахь удаагийн үзэсгэлэн. 2007 онд анхны үзэсгэлэнгээ гаргаад хандив цуглуулаад тархины саажилттай хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгч байсан. Энэ удаад хандив цуглуулж тоног төхөөрөмж авч өгөх зорилго тавьсан. Оюутан байхаасаа эхэлж цуглуулсан 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгатай. Монголд хүүхдэд үзүүлэх юм их ховор байдгийг мэдэрлээ. Хүүхдүүд эцэг, эхтэйгээ ирж их сонирхож байна” гэв.
Хүүхдүүд өөрсдийнхөө цуглуулгыг хүмүүст үзүүлж байгаад хандив цуглуулъя гэдэг санааг гаргажээ. Уг үзэсгэлэнгээс олсон орлогоор саажилт өвчнөөр шаналж буй бага насны хүүхдүүдэд зориулсан “Spider Cage” буюу “аалзны тор” төхөөрөмжийг авч өгөхөөр зорьж байгаа аж. “Spider Cage” буюу “аалзны тор” гэх сэргээн заслын төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь дунджаар 12 мянган доллар байдаг бөгөөд хандивын мөнгө цуглуулсны дараа аль хямд өртөгтэй газраас оруулж ирэх аж. Харин үүний дараа уг төхөөрөмжийг аль нэг эмнэлэг, цэцэрлэгт байрлуулж саажилттай хүүхдүүд сэргээн заслын эмчилгээ хийлгэж байх юм байна. Түүнчлэн нэг удаа энэхүү төхөөрөмжийг авсны дараа өөрсдөө адилхан төхөөрөмж дуурайлгаж хийх боломжтой гэдгийг Үндэсний “Өгөх өдөр”-ийг санаачлагч Б.Баярсайхан хэлж байсан.
Тус үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 9-нийг хүртэл үзэгч олны хүртээл болох юм.
С.Намуунцэцэг өөрийн зурсан зургуудын өмнө зогсож байна. Тэрбээр өөрийн гэсэн урлантай болох мөрөөдөлтэй.
А.Дөлгөөнд 700 гаруй түлхүүрийн оосор бий. Тэрбээр хоббигоо улам хөгжүүлэх зорилготой.
"Үндэсний өгөх өдөр"-ийн санаачлагч, сэтгүүлч Б.Баярсайхан үзэсгэлэнд оролцогч хүүхдүүдтэй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүүхэлдэйн цуглуулгаас
А.Хүдэрбатын машины цуглуулгаас
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүүхэлдэйн цуглуулгаас
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүүхэлдэйн цуглуулгаас
Т.Хулан