Өмнөд Солонгос, БНХАУ болон Япон улсуудын хамтарсан гурван талт уулзалт Сөүл хотноо өчигдөр явагдлаа. Гурван жилийн дараа зохион байгуулагдаж байгаа гурван талт уулзалтанд Японы Ерөнхий Сайд Шинзо Абе, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Кецянь болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе нар оролцлоо.Гурван талт уулзалтын үеэр эдгээр улсуудын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг сэргээн нэмэгдүүлэхээ амласан байна. Мөн эдгээр улсуудын харилцааг муутгахад хүргэсэн газар нутгийн маргаан болон түүхийн үүднээс үүссэн асуудлуудыг засаж, залруулахын төлөө ажиллахаа мэдэгдсэн байна. Уулзалтын дараа гаргасан гурван улсын хамтарсан мэдэгдэлд талууд түүхийн холбогдолтой асуудлуудыг нэгмөсөн шийдвэрлэж, цаашдын хамтын ажиллагааны ирээдүйд илүү анхаарал хандуулж, муудаад байсан харилцааг сэргээн засах тал дээр тохиролцсон талаар онцолсон байна. Талууд гурван улсын хамтарсан уулзалтыг жил бүр зохион байгуулж эхлэхээр болсон бөгөөд гурван улсын хооронд чөлөөт худалдааны гэрээг байгуулснаар эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн нэмэгдүүлэхээр болжээ. Мөн зогсонги байдалд ороод байгаа Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын яриа хэлэлцээрийг дахин сэргээх асуудалд хамтран ажиллахаар болсныг мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/