Уг нь АН 2012 онд түүхэнд байгаагүй ялалтуудыг авч чадсан. Анх удаа 2012 оны УИХ-д хамгийн олон суудалтай болсон. Мөн орон нутгийн сонгуульд таваас бусад бүх аймагт анх удаа ялалт байгуулсан. Цаашлаад АН-ын Ерөнхийлөгч улиран сонгогдсон гээд 4 дараалсан ялалтыг авч чадсан юм. Мөн Нийслэл хотыг анх удаа өөрийн намын хүнээр удирдуулахаар болсон. Энэ нь АН түүхэндээ анх удаа “гэрлийн хурдаар” дараалсан ялалтыг авсан үе. Мөн тус нам сүүлийн 10 жилд хийгээгүй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Тодруулбал, 21 аймгийг холбосон хатуу хучилттай зам, нийслэлийн бүтээн байгуулалтууд “Гудамж” төслийн ажлууд, дотоодын томоохон үйлдвэрүүдийг хөдөлгөж эхэлсэн гээд жагсаавал уртаас урт дараалал гарна. Энэ бүхэнд АН-ын нэр хүнд гэрлийн хурдаар өсч, ирэх сонгуульд баараггүй ялалт байгуулах нь гэсэн итгэл олон нийтийн дунд байлаа. Харин тус нам фракцийн эрх ашиг, дотоодын зөрчил зарим алдаатай бодлогуудаасаа болж дээрх бүх амжилтаа 2016 оны сонгуулийн өмнөхөн навс унагаж орхив. Нэг үгээр хэлбэл тус нам 2016 оны сонгуульд иргэдийн итгэлийг хүлээж чадахааргүй байдал бий болоод байна. Тэгвэл бид АН-ыг 2016 оны сонгуульд ялагдуулж мэдэх 24 шалтгааныг хүргэе. АН ямар алдаа гаргав?
1. Фракцийн эрх ашиг: АН аливаа асуудлыг улс орны эрх ашгийн үүднээс бус фракцуудынхаа эрх ашгийн үүднээс шийддэг. Сайдын албан тушаалаас эхлээд байнгын хорооны даргын суудлыг хүртэл фракцууд нь булаацалддаг. Үүнээс болж төрийн бодлого, ажлыг хэдэн сараар гацна. Тус нам гацаах, зогсоох, түгжих ажлыг л өнгөрсөн хугацаанд хангалттай сайн харуулж чадлаа. Ард түмний өмнөөс бус цөөн хэдэн хүний эрх ашгийн үүднээс асуудлыг шийддэг нь тус намыг ирэх сонгуульд ялагдуулах бас нэгэн шалтгаан болж мэднэ.
2. Засгийн газраа буруу байгуулсан: АН 2012 оны сонгуульд ялж, Засгийн газраа байгуулахаасаа эхлээд алдаа гаргажээ. Үүнийг нь ч зарим улс төр судлаачид хэлдэг. Бусад улс оронд парламентад олонх болсон нам нь дараагийн олон суудлыг авсан намтай хамтарч Засгийн газраа байгуулдаг байна. Үүгээр бол АН, МАН-тай анхнаасаа нэгдэх байж. Гэтэл “Шударга ёс”-той нэгдэж сонгуульд 40 хувийн дэмжлэг авсан МАН-ыг сөрөг хүчин болгосон нь эргээд өөрсдийг нь унагахад том түлхэц болжээ.
3. 1996-2000 оны алдаанаас суралцаагүй байдал: Тус он, жилүүдэд АН дөрвөн удаа засгийн газраа сольсон байна. Мөн өмч хувьчлал нэрээр маш замбараагүй байдлыг нийгэмд бий болгосон. Энэ мэт алдаанаасаа болж тус нам 2000 оны сонгуульд ялагдсан түүхтэй. Харин тэд дээрх алдаагаа энэ жилүүдэд засч биш давтаж ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр удаа Засгийн газраа өөрчлөөд байна. УИХ-ын дарга З.Энхболд нь Н.Энхбаяртай нийлж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг удахгүй унагах нь гэх мэдээлэл тараад байна.
4. Намын даргын нэр хүнд: АН-ын дарга З.Энхболдын нэр хүнд олон нийтийн дунд тийм ч сайн биш байна. Учир нь тэр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах тоглолтыг голлон зохион байгуулсан юм. Тодруулбал, АН өөрийнхөө Засгийн газрыг унагасан үйлдлийн гол эзэн нь тэр гэсэн үг. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газраар оролдоод эхэлчихсэн явна.
5. Намын дарга нь Ерөнхий сайд болохын үлгэр: Эрх барьж буй АН-ын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайдынхаа албыг хаших ёстой. Гадны улсуудад ч ийм л байдаг. Гэтэл бас л нөгөө фракцийн эрх ашиг, эрх мэдлийн төлөөх тулаанаасаа болж уг дүрэм тус намд зөрчигдөөд байгаа. Үүнээс болж гүйцэтгэх засаглалын тэргүүнд шийдвэр гаргах эрх мэдэл алга.
6. Оюутолгой: Зүв зүгээр байсан Оюутолгойн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээсээ болж Оюутолгой хоёр жил орчим ажилгүй зогсчээ. Сая нэг юм гэрээ байгуулж дахин хөдөлгөхөөр болсон ч өмнөхөөсөө улам дордуулж “Рио Тинто”-ийн хэтрүүлсэн зарлагыг хүлээн зөвшөөрч, монголчуудын ногдол ашиг хүртэх оныг 2037 он хүртэл хойшлуулчихлаа.
7. Тавантолгойн гацаалт: Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэтэл УИХ-ын дарга З.Энхболд ба түүний баг амжилттай гацаагаад буйг бүх нийтээрээ харсан.
8. Эдийн засгийн үзүүлэлт: Одоогийн байдлаар улсын төсөв -800 орчим тэрбум төгрөгөөр тасраад байна. Гадаад өр гэхэд л 21 тэрбум гаруй төгрөг болж долларын ханш 2000 төгрөгт хүрээд байна. Улсын төсвийн сан улайсахад ойрхон байгааг Сангийн яамнаас мэдэгдээд байгаа. Энэ нь АН-ын алдаатай бодлого, замбараагүй тавьсан өрнөөс болсон гэж үздэг.
9. Төмөр зам: Төмөр замаа тавьчихсан бол өнөөдөр бид 10 тэрбум долларын тээвэр хийх байж. Гэтэл АН-ынхан "Төмөр замаа түүгээр биш үүгээр, бүдүүн биш нарийн царигтай тавина" гэж хэрэлдсээр өнөөдрийг хүргэв. Энэ хугацаанд төмөр зам тавих ажил нам гацлаа. Биднийг бүдүүн нарийн гээд хэрэлдэж байх хооронд Орос улс аль хэдийн нарийн царигтай замаа тавьжээ.
10. Өр: Өнгөрсөн хугацаанд АН-ынхан “Чингис бонд”-ын 1.5 тэрбум доллар, Самурай бондын 600 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая долларыг зээлжээ. Үндсэндээ маш их хэмжээний мөнгийг төсвөөсөө гадуур зарцуулсан гэсэн үг. Үүнээсээ болж инфляцид нэрвэгдээд төгрөгийн ханш унасан гэж эдийн засагчид үздэг.
11. Давхар дээл: “Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг байдлыг зоригтой халж чадаагүй. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний 34 нь сайд болон сайд асан хүн байна.
12. Цалинг багасгана: АН-ынхан 2016 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн өндөр албан тушуултнуудын цалинг 30 хувиар хасахаар тооцоолжээ. Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд буй.
13. Ажлын байрыг цомхотгоно: Ажлыг байрны орон тоог ч мөн цомхотгоно гэж байгаа юм. Мэдээж хэн дуртай байхав. 2012 онд төрийн албан хаагчдын тоог 30 мянгаар нэмсэн нь тус намын гол алдаа болсон. Тэр хүмүүсээ одоо буцаагаад цомхотгох асуудлыг ярьж байна.
14. Судалгаа: “Сант Марал”-ын судалгаагаар АН-ын рейтинг унасан байна. Маргааш сонгууль болбол аль намд санал өгөх вэ гэсэн асуултад иргэд, олон нийтийн 38 хувь нь МАН-д 33 хувь нь АН-д 18.9 хувь нь МАХН-д өгнө гэж хариулсан байна.
15. Засаг унагах тоглолт: Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газраар тоглосон хүмүүс нь АН дотор л байсан шүү дээ. Энэ бүхэн тус намын рейтингийг олон нийтэд унагахад гол нөлөө үзүүлсэн гэж болно.
16. Н.Энхбаяр ба АН: МАХН-ын дарга Н.Энхбаяр бол МАН-ыг ч, АН-ыг ч тамирдуулж байна. Яг ийм үед АН Н.Энхбаяртай нийлж, Өршөөлийн хууль дахь авлига, албан тушаалийн гэмт хэргүүдийг өршөөсөн заалтыг авч үлдэхээр зүтгэж буй нь тус намыг бүхэлд нь муухай харагдуулж байна.
17. МАН-ыг засгаас хөөсөн: МАН-ыг засгаас хөөсөн нь бас л тус намын алдаа болсон. Одоо нөгөөдүүл нь өөрсдийг нь буцаагаад яаж ч тонгорч мэднэ.
18. Өршөөлийн хууль: Тус хууль гарах нь зөв. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөсөн заалттайгаар хэрэгжиж болохгүй. Тиймээс ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх бүх аргыг АН Н.Энхбаяртай хамтран хийж байна. Ер нь АН Н.Энхбаярын захиалгаар түүнд зориулж хууль батлах шаардлага байсан уу. АН-ын энэ үйлдэл нь тус намын нэр хүндийг шал дордуулж орхилоо.
19. Халх гол: Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
20. Хуулийн салбарын холион бантан: Хууль зүйн сайдаар АН-ын хоёр нөхөр ажиллалаа. Тэд нэгийнхээ хийсэн ажлыг үгүйсгэж, үгүй хийж байгаа. Одоо бүр бие, биенээ арьс, бөгсөөрөө дуудалцаад явж байна. Үүний үр дүнд хууль хэрэгжүүлэх, засаглал тогтох гол салбарын нэр хүнд уналаа. Уг нь Хууль зүйн салбар улс орны чухал салбар.
21. Гадаад харилцаан дахь алдаа: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах үеэр “Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан” хэмээн хэлсэн нь Хятадын удирдлагуудыг ихэд эмзэглүүлсэн. БНХАУ-аас манай улсад суух элчин сайд тухайн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Болдтой уулзаж хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардсан байдаг юм. Э.Бат-Үүл дарга хэлсэн үгийнхээ төлөө уучлалт гуйсан ч Хятадын талын дургүйцэл нь том төслүүдийг удаашруулсан гэж улс төр судлаачид үздэг. Энэ бол гадаад харилцаан дахь том алдаа.
22. “Хан ресурс”-ын 100 сая долларын өр: Монгол улсын засгий газар, Канадын "Хан ресурс" компанитай үүсгэсэн арбитрын маргаанд ялагдаж 100 орчим сая ам.долларын өрөнд ороод байгаа. Хөрөнгө оруулагчдыг үргээсэн бодлого явууллаа, тогтворгүй байдлаас болж өрөнд орлоо гэсэн зэмлэл тал бүрээс гарч байгаа ч бид яагаад шүүхэд ялагдав гэдэгт хэн ч төвлөрөхгүй, хариуцлага ярихгүй байгаа нь хачирхалтай. Уг хэрэг дээр манай тал ялах магадлал маш өндөр байсан ч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй хүмүүс тус хэрэг дээр Монголыг төлөөлж ажиллахаар шинээр томилогдоод муу ажилласан байна. Үүнээс болж Монгол улс 100 сая долларын өрөнд оржээ. Хөгжингүй оронд бол Ж.Баярцэцэг шиг албан тушаалтан улс орноо ялагдуулчихлаа гэж хэлээд өөрөө өргөдлөө өгөөд явдаг. Харин манай төрийн нарийн бичгийн дарга хоёр ч сайд дамжин албан тушаалаа хашсаар байгаад гайхах зүйл үгүй.
23. Барилгын үнийг хөөсрүүлсэн: Судалгаа, тооцоогүйгээр орон сууцны зээлийн хүүг багасгасан. Мөн хөрөнгийн эх үүсвэргүй хүмүүст зээл өгснөөр чанаргүй зээл өсч тэр хэрээр банкуудын байдал хүндрээд байна.
24. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан: АН хэвлэлийн эрх чөлөөнд халдсан бүдүүлэг үйлдлийг өнгөрсөн хугацаанд гаргажээ. “Амжилт.ком” сайдыг хаахаас эхлээд үзэл бодлоо твиттерээр илэрхийлснийх нь төлөө “Инженер Бат” гэх жиргээчийг барьж хорьсон байдаг. Энэ үйлдэл нь тухайн үедээ олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Үүнээс болж манай хэвлэлийн эрх чөлөө индекс ухарсан байдаг.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (60)