Бельгийн төмөр замын сүлжээ хариуцсан Инфрабель компани салхины эрчим хүчийг ашиглан хот хоорондын галт тэргийг ажиллуулах ажиллагааг өнгөрсөн бямба гаригаас эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар жилдээ нийт 35000 мегаваттын цахилгаан гаргах хүчин чадал бүхий 7 турбиныг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдөр тутамд үйлдвэрлэж байгаа 14 мегаваттын 3-ны 2 нь төмөр замд ашиглагдах бол үлдсэн хэсгийг нь орон нутгийн хэрэглээнд ашиглахаар болсон байна. Мөн ирэх 2 жилд багтаан дахин 18 турбиныг нэмж суурилуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Ингэснээр тус улсын хамгийн том хэмжээний салхины эрчим хүч гаргагч цогцолбор болно хэмээн мэдэгдсэн байна. Өмнө нь тус улсын Антверпен хотноо 16000 ширхэг нарны эрчим хүч хуримтлуулах хавтанг суурилуулан, Амстердам-Брюссель-Парис чиглэлийн галт тэргийг эрчим хүчээр хангаж байсан түүхтэй. Хэдийгээр Бельгид жилийн ихэнх хугацаанд хур тунадастай, үүлэрхэг, бүрхэг цаг агаар зонхилдог ч тухайн нарны эрчим хүч хуримтлуулах хавтангууд жилдээ нийт 3600 гаруй мегаватт цахилгаан үйлдвэрлэж байсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт суурилуулаад байгаа салхины эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэгч турбинууд нь үүнээс 10 дахин илүү хүчин чадалтай ажиллаж, жилдээ 10000 айл өрхийг цахилгаанаар хангах бүрэн чадвартай юм. Өдгөө Бельги улсад 119 салхин сэнс буюу турбиныг ажиллуулж байгаа бөгөөд Электрабель хэмээх эрчим хүчний компаний зүгээс 2020 он гэхэд дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа талаараа мэдээлсэн байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ /UBS/