Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ.
Тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг" /Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн байдаг.
Мөн "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ. Түүний эдгээр хийсэн бүтээсэн бүхэн нь хэдийн бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэж чаджээ.
Тэгвэл эрхэм уран бүтээлчийн аялгуугаас бүрдсэн тоглолт энэ сарын 24-ны өдөр Токио хотод эгшиглэх гэнэ. Монгол Японы уран бүтээлчидийн хамтарсан энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”, Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ -аас 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна. Ийнхүү монгол өв соёл хөгжмийн уран яруу сайхныг дэлхийд таниулах энэхүү их үйлсэд өндөр амжилтыг хүсье
Сэтгэгдэл (2)