Олон эцэг эхчүүд хүүхдээ ном уншихгүй юм, хичээлээ хийхгүй юм гэж ярьж байхыг сонсож байсан биз дээ? Номын сайханд шимтээгүй л бол хэчнээн унш гэж хэлээд ч уншихгүй. Харин ном бүрээс сайныг нь авч чаддаг, унших дуртай хүүхдүүд шинжлэх ухаанд ч илүү шимтэж, боддог сэтгэдэг нэгэн болно. Тийм болохоор ухаалаг, сониуч, мундаг хүүхэдтэй болъё гэж бодож байвал аль болох багаас нь номонд дурлуулж, ертөнцийг гоо сайхныг танин мэдэх замд нь хөтлөөрэй.
Үүний тулд хамгийн түрүүнд чи өөрөө номонд дуртай байх хэрэгтэй. Эцэг эхийнхээ үйлдлийг ухамсаргүйгээр дуурайдаг үед нь сөрөг муухай биш өөртөө дадал болгоосой гэж бодсон зөв зүйлсээрээ үлгэрлээрэй.
Мөн:
1. Өнгө алаг зурагнуудтай ном уншиж өгөөрэй
5-аас доош насны хүүхдүүдэд өнгө өнгийн зурагтай бөгөөд бичиг багатай ном сонгон уншиж өгөөрэй. Бичвэр хэсэг нь товчхон харилцан яриа бүхий байвал хамгийн тохиромжтой.
2. Уншиж өгөөд дараа нь асуу
Жаахан хүүхдүүд үгийн сангийн хувьд дутмаг байдаг болохоор ном уншиж өгч байхдаа зургийн талаар голчлон асууж байгаарай. Мөн тэдний хамгийн амархан тогтоодог үгнүүд нь нохой, мод зэрэг хөнгөн үгнүүд байдаг тул уншиж өгч байгаа номныхоо зурган дээрээс “Чи энэ нохойг харж байна уу?” “Энэ нохой ямар өнгөтэй байна?” “Энэ нохой юу хийж байна?” гэх зэргээр асуух нь хүүхдэд номыг ойлгоход илүү тустай бас сонирхолтой байдаг.
3. Номонд гарч байгаа үйл явдлыг бодит амьдралтай холбоорой
Хэрвээ чи нэг хүүхэд хүнсний дэлгүүр орж байгаа талаар хэсэг уншиж байгаа бол хүүхэдтэйгээ хамт хүнсний дэлгүүр орохдоо яадаг талаараа ярилцаарай. 3 болон 3-аас дэш насны хүүхдээс асуулт асуухдаа тодорхой асуух хэрэгтэй. Хэн? Хаана? Яагаад? Юу? гэсэн асуултуудаар асуувал илүү сайн ойлгож хүлээж авна. Номон дээрх үйл явдлыг бодит амьдралтай холбон тайлбарлах нь хүүхдийн үгийн санг баяжуулахад тустай.
4. Харилцан ярилц
Чиний хамгийн гол зорилго бол номоо уншиж дуусгах биш харин уншиж байхдаа хүүхэдтэйгээ харилцан ярилцах юм. Хүүхэд чинь номон дээрх зургийн талаар эсвэл үйл явдлын талаар гээд маш олон асуулт асуусан ч хариулахаас цааргалаж болохгүй. Энэ болгонд нь хариулж өгч байвал хүүхдэд чинь аливааг өөрийнхөөрөө төсөөлж, ургуулан бодох чадвар нь нэмэгдэнэ.
5. Сонин дуу чимээ гаргаж уншихаас битгий санаа зов
Номон дээр гарч байгаа чимээг илэрхийлсэн үгийг ч юм уу, эсвэл өөрөө хүүхэддээ илүү ойлгомжтой болгохын тулд амьтдын гаргадаг дуу авиаг нь өөрөө дугарч үзүүлвэл сонирхолтой байх болно. Бас ингэснээр хүүхдийн чинь мэдлэг ч зузаарах болно.
6. Таамаглал дэвшүүлсэн асуулт асуу
Хулгана гэр орон замбараагүй болгосныхоо дараа юу хийнэ гэж бодож байна? Тэр үүнийг зурсаныхаа дараа юу зурна гэж бодож байна? гэх зэргээр асуух нь хүүхэд чинь өөрийнхөөрөө зохиож, төсөөлөн бодоход нь тус болно. Мөн ингэж өмнөх болон дараах үйл явдлынх нь талаар сануулснаар дараа нь хүүхэд чинь ганцаараа номоо бариад сууж байхдаа уншиж чадахгүй ч зургийг нь хараад ямар үйл явдал гарч байсан талаар нь санаж дахин дахин унших хүслийг нь төрүүлнэ.
7. Хүүхдийнхээ сонирхсон номыг уншиж өгөөрэй
Олон номон дундаас хүүхдийнхээ уншуулахыг хүссэн номыг нь л уншиж өгөөрэй. Сонирхоогүй номыг нь дур мэдээд уншиж өгөх тусам хүүхдийн сонирхол буурах болно. Тиймээс сонирхолынх нь дагуу хүссэн өнгө, зурагтай номыг нь уншиж өгч байгаарай.
8. Эцэст нь гэртээ номын сантай бол
Гэрт чинь ном байдаггүй, ном унших соёлыг анхнаас нь суулгаагүй бол номонд дуртай болох эсэхийг өөрт нь л даатгахаас өөр аргагүй болно. Тиймээс хүүхдээ төрөхөөс авахуулаад “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”, “Дэлхийн Атлас” гэх мэт ертөнцийг танин мэдэж, сониучирхан судлахад нь тохиромжтой номоор дүүргээрэй. Харин нас ахих тусам чиний уншдаг номнууд руу угаас гар нь явж эхэлнэ.
Харин чи хүүхдээ хэрхэн номонд дуртай болгосон бэ? Бусад ээжүүдтэй туршлагаасаа хуваалцаарай.