Мексик улсын эрх баригчид Мексик, Америкийн хилээр мансууруулах бодис тээвэрлэдэг байсан хонгил олж илрүүлсэн байна. Энэ хонгил нь тэр чигтэй бүрэн тоноглогдсон байсан байна. Тодруулбал 800 метр урт хонгил бүхэлдээ гэрэлтүүлэгтэй, тэргэнцэр явахад зориулсан төмөр замтай, нурахаас сэргийлсэн хамгаалалттай байжээ.
Мексикийн хил дээр байдаг Тихуана суурингаас Калифорний Сан Диего хүртэл 10 метрийн гүнд хонгилыг ухаж гаргасан байна. Цагдаа нар энэ хонгилоор мансууруулах бодис тээвэрлэж хил давуулан наймаалахад оролцсон 22 хүнийг баривчилж, нийт дээ 12 тн марихуан илрүүлжээ. Баривчлагдсан сэжигтнүүдийн 6 нь АНУ-ын, үлдсэн 16 нь Мексикийн иргэд юм байна.
Мексик, Америкийн хилээр хууль бус мансууруулах бодис наймаалагч гэмт этгээдүүд энэ мэтчилэн газар доогуур ухсан нууц хонгил ашиглан бараагаа тээвэрлэх нь түгээмэл байдаг. Тухайлбал өнгөрсөн 8 дугаар сард мөн Тихуана суурингаас АНУ-ын хил рүү ухаж байсан хонгилыг цагдаа нар илрүүлж байсан байна. Мөн 7 дугаар сард Эль Чапо хочит гэмт хэрэгтэн Хоакин Гузманы чанга дэглэмтэй хорих газраас оргосон 1,5 км урт хонгил олдож байжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/