Олны анхаарлын төвд байсан Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлын талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд Сангийн яам, Татварын Ерөнхий газарт тайлангаа гаргаж өгчээ.
2. Тус үйлдвэр нь эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
3. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол, 49 хувийг Оросын талын байгууллага эзэмшдэг.
4. Төрийн өмчийн хорооны хорооны дарга Д.Нанзаддорж Эрдэнэт үйлдвэрийг 140 гаруй сая ам. долларын өрөнд орсон хэмээн Засгийн газарт танилцуулж, дуулиан дэгдээв.
5. Д.Нанзаддорж даргын мэдээлсэн шиг . Тухайлбал 2012, 2013 оны ногдол ашиг болох 47 сая доллар Эрдэнэт үйлдвэрийн эргэлтэд байгаа аж.
6. Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа гэдгийг Үндэсний аудитын газар баталсан.
7. “Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийн талаар яриад байгаа сүүлийн үеийн мэдээлэл нь тийм онцгой зүйл биш гэж үзэж байна. Ерөөсөө бизнесийнхээ зарчмаар л явагдаж байгаа зүйл. Хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаа эзэмшигчээ солихыг хүсэж байхад хувьцаа эзэмшигч нь хууль ёс, гэрээгээрээ шийдэгдсний дараа л ногдол ашгаа шилжүүлэх нь зүй ёсны хэрэг” гэдгийг Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяа онцолсон.
8. Оросын талын хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчээ солих хүсэлт гаргасан бөгөөд хувьцаа эзэмшигч нь албан ёсоор тодорхой болоогүй байсан учир ногдол ашгийг шилжүүлээгүй аж.
9. Өмнө нь Оросын төрийн өмчийн хороо 49 хувийг албан ёсоор эзэмшдэг байжээ.
10. 2008 онд Оросын тал өөрийн хувиа “Орос технологи” компанидаа 100 хувь эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байна.
11. Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн асуудлаар Засгийн газар хооронд хэлэлцэж явсаар өчигдөр чуулганы хуралдаанаар албан ёсоор Оросын талыг хувьцааг “Орос технологи” компанид 100 хувь эзэмшүүлэхээр соёрхон баталлаа.
12. Албан ёсны хувьцаа эзэмшигч нь тодорхой болсон учраас уг асуудал цаашид үргэлжлэн шийдэгдээд явах аж.
13. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн ч үйлдвэрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй гэдгийг тус үйлдвэрийн захирал мэдэгдсэн.
14. Засгийн газар хоорондын хэлэлцээр, үйлдвэрийн үндсэн дүрэм, худалдан авалт хуучин хэвээр үргэлжилнэ.
15. Үйлдвэрийн дотоод дүрэм хэлэлцээрийн үндсэн агуулгад өөрчлөлт ороогүй аж.
16. “Эрдэнэт” үйлдвэр жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийж, борлуулдаг байна.
17. Жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр аж.
18. “Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй. Эргэлтийн хөрөнгөн доторх мөнгөө бид “Орос технологи” компани руу удахгүй шилжүүлнэ” гэдгийг тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн онцолсон.
19. Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүдийн шилэн дансыг хөтлөх аргачлал, журмыг гаргасны дараа Эрдэнэт үйлдвэр хуулиа хэрэгжүүлээд явах боломж нь бүрдэх аж.
20. "Эрдэнэт" үйлдвэрийг 200 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн мэдээллийг тус үйлдвэрийнхэн эрс няцаасан.
21. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасанаар Эрдэнэт үйлдвэрийн орлого 200 тэрбумаар буурчээ.
22. Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын 51 хувийг “Эрдэнэс Эм Жи Эл” компани руу шилжүүлэх тухай яригдаж байсан ч энэ асуудал одоогоор тодорхойгүй байгаа юм.
23. Шилэн данс хөтлөх тухай хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжсэн бөгөөд Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон хувь нийлүүлсэн байгууллагуудыг шилэн дансаа хөтлөөгүй гэх шүүмж гарав.
24. Эрдэнэт үйлдвэр нь шилэн данс хөтлөх одоогийн хуулиар шууд шилэн дансаа хөтлөх боломжгүй аж. Учир нь тус үйлдвэр нь олон улсын гэрээтэй, хувь нийлүүлсэн аж, ахуй нэгж учир бизнесийн нууцлалтай байх ёстой юм байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (1)