Одоогоос нэг жилийн өмнө эртний Египетийн Тутанхамон Хааны алтан багны сахлын хэсгийг санамсаргүй байдлаар унагасан бөгөөд цавуугаар наан тогтоосон байсныг ийнхүү дахин сэргээн засварлаж эхлээд байна. Сэргээн засварлах ажиллагааг Герман-Египетийн хамтарсан мэргэжлийн багийнхан Кайр хотноо байрлах Египетийн Музей дэх лабораторид гүйцэтгэж байна. Тэд сахлыг буцааж наасан эпоксидийн цавууг хэрхэн болгоомжтой салгах болон сахлыг дахин суулгах төлөвлөгөөнийхөө талаар өчигдөр тайлбарласан байна. Сэргээн засварлах ажлыг удирдаж байгаа Германы мэргэжилтэн Кристиан Экманн хэлэхдээ цавууг салгахад хэр их хугацаа шаардагдахаас шалтгаалаад сэргээн засварлах ажил нэгээс хоёр сарын хугацаанд үргэлжлэн явагдах болно гэжээ. Тутанхамон хааны алтан баг нь Кайр хотноо хүрэлцэн ирсэн жуулчдын заавал зочилдог газрын нэг болох, 1902 онд байгуулагдсан Египетийн Музейн шилдэг үзмэрүүдийн нэгд тооцогддог юм. Тус музейд мөн эртний Египетийн ховор олдворууд болон занданшуулсан шарил гэх мэт олон сонирхолтой үзмэрүүд тавигдсан байдаг байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ /UBS/