Дизайнер, зураач, уран бичээч Ц.Тамир “Туульс” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэхэд бэлэн болжээ. Тэрээр энэ сарын 21-нд буюу маргааш 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэнгээ нээх юм байна.
“Уран бүтээлч хүн бол эрэл хайгуул хийж, байнга шинэчлэгдэж байх ёстой гэж үздэг” тэрээр каллиграфыг ч гэсэн заавал нэг улиг болсон жаазтай биш өөр шинэлэг байдлаар л хийхийг зорьдог нэгэн юм.
“Туульс” үзэсгэлэнд түүний каллиграф болон баримлын шинэхэн бүтээлүүд нь дэлгэгдэх нь ээ.
Уран бүтээлч Ц.Тамирыг каллиграфт дурлуулсан хүн бол түүний аав аж. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа Монгол бичгийн багш ааваараа босоо бичиг заалгаж байжээ. 1997 онд “Ил товчоо” сониноос зарладаг уламжлалт уралдаанд анх удаа тусгай байр эзлэснээс хойш Ц.Тамир урамшин, өнөөг хүртэл каллиграфаар тасралтгүй хичээллэж дотоод, гадаадын уралдаан тэмцээн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсоор байгаа юм.
Дизайнер, зураач, уран бичээч Ц.Тамирын “Туульс” бие даасан үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох нь ээ.