Ираны цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн их гүрнүүдийн хамтын гэрээг баталсны дараагаар тус улсын эсрэг тавьсан хоригууд цуцлагдах үеэр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг зорьж, бэлтгэж байгаа талаар Ираны дэд ерөнхийлөгч Масуд Солтанифар Ассошиэйтэд Пресс агентлагт хэлсэн байна.Тэрээр тус улсад "жуулчдын шуурга"-г дэгдээхээр бэлдэж байгаа талаар хэлжээ. Ираны дэд ерөнхийлөгч Масуд Солтанифар нь мөн тус улсын Соёлын Өв, Гар Урлал, Аялал Жуулчлалын Байгууллагын даргын албыг давхар хашдаг юм байна. Тэрээр хэлэхдээ Ираны Ерөнхийлөгч Хассан Роуанигийн өөрчлөлт шинэчлэлт, модернизацийн бодлого нь тус улсыг зорин ирэх гадаадын жуулчдад олгох визийг хөнгөвчлөх зэрэг асуудлуудаас эхлэж байгаа гэсэн байна. Түүх болон соёлын агуу баялагтай тус улсыг Барууны ертөнц огт мэддэггүй гэж хэлж болно. Ойрын өдрүүдэд тус улсын зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад хөрөнгө оруулалтыг татах 1300 төслийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгон дэлгэх гэж байна. Эдгээр төслүүдэд мөн ЮНЕСКО-д бүртгэлтэй тус улсын 19 түүхийн дурсгалт газруудыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх төлөвлөгөө багтсан байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ /UBS/