Бүсгүйчүүд бидний гоо сайхнаа олонд гайхуулдаг шинэ жилийн баяр тун удахгүй болох гэж байна. Тэр өдөр даашинз, туфль, арьс, үс гээд л бүх зүйл чинь гайхамшигтай байх хэрэгтэй. Урьд нь нүдэнд чинь үнэхээр сайхан харагдаж, чи өмсвөл төгс харагдахаар даашинз олоод өмсөх гэтэл багадаад, үүнээс болж биеийнхээ харьцаанд тааруулж тийм ч гоё биш даашинз өмсч байсан тохиолдол байгаа бол энэ удаад тэгэхгүй шүү. Тэр үдшийн гүнж нь байхдаа эртнээс бэлдээд эхэлчихвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй.
Үүний тулд нэгэн төрлийн дэглэмийг та нартайгаа хуваалцъя. “Амттай дэглэм” ч гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ дэглэмтэй танилцаад шуудхан л маргааш гээд эхэлчихэж болохгүй. Эхлээд энгийн үед иддэг хоолоо бага багаар багасгах хэрэгтэй шүү. Нэг үгээр хэлбэл ирэх 3-4 хоногт биеэ бэлдэж байгаад дэглэмээ эхлүүлнэ гэсэн үг юм.
Өдөрт 3 удаа хүнд хоол иддэг бол 2 болгож багасгаад, тэр хоёрынхоо орцонд ногоо, жимсийг түлхүү оруулаарай. Харин үлдсэн 1 хоолны цагт нь мах оролцоогүй хүнс хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа цаг агаар сэрүүсч байгаа учраас энэ бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэйг сануулъя. Дэглэм барьж байна гээд өөрийгөө зовоолгүй алгуурханаар зөв хэмнэлд шилжээрэй.
Эхний өдөр
Эхний өдөр бол энэ дэглэмийн хамгийн чухал нь. Жимсний өдөр гэж хэлж болно. Тиймээс өөрийнхөө идэх дуртай бүхий л төрлийн жимсийг авч бэлдээрэй. Гэхдээ үүнд гадил орорхгүй шүү. Харин авахад хамгийн тохиромжтой жимс нь тарвас юм. Мөн жимснийхээ хажуугаар 8-12 аяга ус ууна. Өөр хоол идэж болохгүй шүү. Энэ өдөртөө аль болох олон төрлийн жимс хольж идээрэй. Өлсөөд байвал жимсээ нэмж идээд, мэдээж усаа уух хэрэгтэй.
Хоёр дахь өдөр
Эхний өдөр чамд дуртай жимсээ хангалттай идэх боломж олгосон бол хоёр дахь өдөр нь дуртай хүнсний ногоогоо идэх боломж олгоё. Дуртай ногоогоо түүхийгээр нь эсвэл болгоод идсэн ч болно. Гэхдээ гол нь ногоогоо болгохдоо тос, давс хэрэглэж болохгүй ба зөвхөн буцалгаж хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ төмс чанаж идэх гэж байгаа бол өглөө эрт нь дээр. Жингээ хасахад чинь туслах хамгийн сайн ногоонууд нь чанасан шош, лууван (түүхий, болсон аль нь ч болно) , цэцэгт байцаа, өргөст хэмх, брокколи, чанасан хулуу, чанасан байцаа зэрэг ногоонууд орно. Хоёр дахь өдрөө ч бас эхний өдөр шиг хэмжээтэй ус уухаа мартуузай. Мөн энэ өдөр чи урьдныхаас илүү олон удаа угаалгын өрөө орох байх шүү.
Гурав дахь өдөр
Дэглэм эхлэснээс хойш 3 дахь өдрөө чи эхний хоёр өдөр идсэн жимс, ногоогоо хамтад нь идээрэй. Гол нь гадил болон төмс идэж болохгүй шүү. Өглөө босоод жимсээ идээд, үдээс хойш ногоогоо идээд, орой хамтад нь идээрэй. Хүссэн хэмжээгээрээ идэж болно шүү. Бас өмнөхтэйгөө ижил хэмжээтэй ус уухаа битгий мартаарай.
Дөрөв дэх өдөр
Энэ өдөр чи зөвхөн гадил идэж сүү ууна. Хамгийн багадаа 8-10 ширхэг гадил идэх ба сүүгээ 3 аягыг уугаарай. Өлсөж магадгүй ч санаа зовох хэрэггүй шүү. Чамд энэ дэглэм нөлөөлж байгаа нь мэдрэгдэж эхлэх болно. Өглөө босоод нэг аяга сүүтэйгээ хоёр ширхэг гадил, өдрийн хоолны цагаар мөн нэг аяга сүү, хоёр ширхэг гадил идээрэй. Оройн хоолны цагаар үлдсэн нэг аяга сүүтэйгээ 2-3 ширхэг гадил идээд унтаарай. Чи энэ дөрөв дэх өдрийг л амжилттай давах юм бол дараагийн өдрүүдэд ямар ч өлсөх мэдрэмж төрөхгүй бие чинь хөнгөрөөд ирэх болно.
Тав дахь өдөр
Энэ өдөр нэг жижиг аяга цагаан эсвэл гурвалжин будаа идэж болно. Харин гол нь бүтэн өдрийн турш 6-7 ширхэг улаан лооль идээрэй. Мөн уух усныхаа хэмжээг 12-15 аяга болгож нэмэгдүүлээрэй.
Зургаа дахь өдөр
Үдийн хоолны цагаар нэг аяга цагаан будаа идэхэд л хангалттай. Бас усаа уух хэмжээгээрээ ууж өмнөх өдрийнх шиг хэмжээтэйгээр уугаарай. Энэ өдрөөс эхлэн чиний бие гайхалтайгаар хөнгөрч, хоол боловсруулах систем чинь эрүүлжин, сайжрах болно.
Долоо дахь өдөр
Нэг аяга будаа, хүссэн ногоо, хүссэн жимсний шүүсээ ууж болно. Мөн усаа мартаж болохгүй шүү. Энэ бол сүүлийн өдөр. Гэхдээ энэ өдрийг гялс өнгөрөөгөөд өнөөх хүнд хоолнуудаа идэхээр яарч байвал чи дэглэмийг зөв бариагүй байна гэсэн үг.
Хэрвээ өөрийгөө хэтэрхий өлсгөж, зовоосон мэт санагдахгүй, шарсан хуурсан хоол нэг их идмээргүй байвал тун сайн байна. Чи өөртөө үнэнч байж чадлаа бүсгүй минь. Дараагийн өдрүүдээс нь эхлэн аажим аажмаар эрүүл хооллолтын дэглэмд шилжиж, давсгүй, өөхгүй мах, өнгөлөг амттай ногоо жимсүүдээр хоолоо баяжуулаад байгаарай.
Харин чиний хувьд дээр хэлсэнчлэн дэглэмийг зөв бариагүй нь мэдрэгдээд байвал битгий сэтгэлээр унаарай. Чи ч гэсэн өнөөх л өөх тос ихтэй, хүнд хоолоо идээд эхэлвэл бүтэн долоо хоногийн тэсвэр тэвчээр, хөдөлмөрийн чинь үр дүн үгүй болно. Ахин нэг долоо хоног биеэ бэлдэж байгаад дахин дэглэмээ эхлүүлсэн ч оройтохгүй шүү. Гэхдээ хэтэрхий хүйтэн үед энэ дэглэмийг баривал чиний бие хангалттай хэмжээгээр уургаа нөхөж чадахгүй байж мэдэх болохоор болгоомжтой байх хэрэгтэйг сануулъя.
Юутай ч дээрх дэглэмийг яг таг барихын тулд чамаас нэлээн их тэвчээр шаардана. Ялангуяа хооллох хэв маяг чинь замбараагүй бол шүү дээ. Гэхдээ өлслөө гээд тухайн өдрөө идэх ёстой зүйлээсээ өөр зүйл идэж, ууж болохгүй шүү. Хүссэн үр дүндээ хүрэх нь зөвхөн чамаас шалтгаална.
Сэтгэгдэл (9)