“Алтан намар 2015 ” хөгжмийн наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд болно. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 34 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадмын нээлт энэ сарын 21-ний 18.00 цагт УДБЭТ-ын концертын танхимд болох талаар өнөөдөр Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос мэдээллээ.
Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн зохиолчдын 30 гаруй бүтээл тоглогдох юм байна. Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд симфони найрал хөгжимд зориулсан төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдээр оролцож буйгаар онцлогтой аж. Улсын филармоний симфони найрал, үлээвэр найрал хөгжмийн цөөхүүл зэрэг мэргэжлийн хөгжмийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцохоор болжээ.
Наадмын хүрээнд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Мөн хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, эрдэм шинжилгээний бага хурал, дан хөгжмийн болон дууны концертийг арваннэгдүгээр сарын 9-14-ны өдрүүдэд зохион байгуулах аж.
Төр засаг хямралтай байгаа учраас “Алтан намар 2015” наадмыг төсөв, санхүүжилтгүй, зөвхөн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгааг МХЗХ-ний захирал Х.Алтангэрэл хэлсэн юм.
Хөгжмийн наадмын хүндэтгэлийн тоглолт 25-ний 17.00 цагт Улсын филармоний концертын танхимд болох юм байна.