Нидерландын Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Малайзын сураггүй алга болсон ЭмЭйч17 онгоцны ослын шалтгааны дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. 15 сарын турш үргэлжилсэн ослын шалтгааныг тогтоох ажиллагааны дүгнэлтээр уг онгоцыг зүүн Украйны агаарын хилийн орчимд буудаж унагасан болохыг тогтоосон байна.Нидерландын Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн Тийббе Ёустра дээрх дүгнэлтийг танилцуулсан бөгөөд түүний хэлснээр онгоц руу буудсан пуужин онгоцны урд байрлах жолоодлогын хэсгээс ойролцоогоор нэг метрийн зайнд тэсэрч, бүхээгт байсан багийн 3 гишүүнийг хөнөөн, мөн онгоцны урд хэсгийг бүхэлд нь дэлбэлсэн байна. Энэхүү пуужин нь БУК хэмээх загварын пуужин байсан талаар мөн мэдэгдсэн байна. Тэдний гаргасан тооцоогоор онгоц руу Украйны зүүн хэсгийн бүс дэх 320 шоо км талбай бүхий радиуст багтах газраас буудсан ба энэхүү тооцооллоор газарзүйн хувьд Украйн, аль эсвэл ОХУ-ын нутаг дэвсгэрээс буудсан байж магадгүй байгаа гэдгийг хэлсэн байна. Гэхдээ яг буудсан газрыг тооцоолон гаргахын тулд нэмэлт судалгаа явуулах шаардлага байгааг онцолжээ. Дүгнэлтийг танилцуулах үеэр мөн тухайн ослын үед юу болсныг тодорхой харуулсан анимэйшн дүрс бичлэгийг үзүүлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/