Хүндийн өргөлтийн спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт аравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд Дархан, Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос “Самбуусан”, Багануур, “Монголжонш”, “Есүүдбатууд”, “Сувинер Хаус” клубүүдийн нийт 10 байгууллагын 85 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /X.13/ эмэгтэй 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, эрэгтэй 48 кг, 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг-ын жингийн аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ А.Бум-Аюуш өсвөр үе 6, залуучуудын огцом, түлхэлт, нийлбэрээр 3, насанд хүрэгчдийн ангилалд түлхэлттэй өргөлтөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.