Дуучин Б.Сарантуяа өсвөр насандаа их урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагт дуулан олны танил болсон. 15 настайгаасаа дуулж эхэлсэн охин урлагаасаа урвалгүй дуулж явсаар 30 жилийг үджээ. 30 жил ганцаараа тайзыг эзэгнэн, уйдамхай олон нийтийн харцыг “барьж” хайртай дуучин хэвээр үлдэнэ гэдэг амаргүй. Орчин үед оддын нас богинохон болсон. Харин Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа 30 жил тайзан дээр “босоо” хэвээрээ үлдэж, өөрийн гэсэн үнэнч үзэгч, фэнүүдтэй, байр сууриа хадгалж, нөлөө ноёрхлоо тогтоосон рок попын хатан хаан. З0 жил тасралтгүй дуулж, зууны манлай дуучин, рок попын хатан хаан, поп хатагтай гэж хүндлэгддэг МУГЖ Б.Сарантуяа дуучны карьерээ эхлүүлж, дуучин болсон тэгш 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрөөх сурагтай.
Өнгөрсөн хавар 4 сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийж, Монгол бөхийн өргөөг нэг өдөр доргиосон. Тэр үеэр дуучдын хоолойн царааг сорьдог сайн бүтээл “Аав ээж хоёр минь” дууг дуулан үзэгчдийг “нурааж”, хоолой нь хүчтэй, гайхамшигтай хэвээр байгааг баталсан билээ. Зун, 6 дугаар сарын 19-нд “Хөх тэнгэр” хамтлагийнхаа 25 жилийн ойн тоглолтонд оролцсон. Н.Ганхуяг “Хөх тэнгэр” хамтлагт шилдгүүд багтсан гэж онцолсон. Харин шилдгүүд дунд поп хатагтай Б.Сарантуяа шигтгээ нь байж чадлаа гэж фэнүүд нь бахархаж байсан юм.
МУГЖ Б.Сарантуяа 2016 онд дуучин Б.Сарантуяагийн урлагийн ертөнцөд орж, дуулж эхэлсний 30 жилийн ой тохионо. Энэ ойдоо зориулж МУГЖ Б.Сарантуяа ирэх жилийн 4 сарын 20 хүртэл олон ажил хийхээр төлөвлөжээ. Шинэ цомог, шинэ тоглолтууд, хувийн амьдрал, уран бүтээлийн амжилт, амьдралын түүхээ харуулах шинэ ном гаргахаар төлөвлөжээ.
Урлагт зүтгэсэн 30 жилийн ойдоо зориулсан эхний ажил болох “Сэхүүн салхи” нэртэй шинэ цомгоо гаргажээ. Энэхүү цомогт нь мөнхийн хит гэж болох Л.Энх-Амгалангийн үг, Л.Балхжавын ая “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ”, С.Цогтсайханы үг, н.Цогдэлгэрийн ая “Хавар”, Р.Эмүжингийн үг, Б.Шаравын ая “Хатан хаан”, Болд-Эрдэнийн үг, Г.Жаргалсайханы ая “Бог өвсний дуу”, гитарчин Өөжгий үг, аяыг нь зохиосон “Зүүдний учрал”, Ү.Хүрэлбаатарын үг, Л.Балхжавын ая “Зоргоороо амраг”, “Содура” киног “амьдруулсан” тус киноны дуу болох “Содура” дуу оржээ. “Содура” киноны дууны үгийг П.Одгэрэл бичиж, аяыг Л.Балхжав бичсэн.Тэрчлэн рок попын алдартай хоёр ах дүү Б.Ангирмаа, Б.Долгион хоёр үг, аяыг нь бүтээсэн “Сэхүүн салхи” дуу, мөн Тангадын Галсан гуайн үг, Б.Шарав гуайн аяыг нь бичсэн “Аав ээж хоёр минь” дуу багтжээ. Дуучдын хоолойн царааг шалгадаг “Аав ээж хоёр минь” дууг дуучин Сараагийн дуулснаар олж дуулах гэж эрэл сурал болоод байсан хүмүүс энэ цомгийг авч байна. Тэрчлэн анх Н.Ганхуягтай дуулж, дараа нь 22 жилийн тэртээ дуучин Брайн Адамстай хамтран дуулсан “Чи алзахгүй” дуугаа шинэчлэн шавь Л.Насанбуянтайгаа хамт дуулжээ. Энэ дуу нь мөн “Сэхүүн салхи” цомогт багтжээ. Энэ дуу нь ах дүү Б.Долгион, Б.Ангирмаа нар үг аяыг нь бичсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ байх. Будаг нь ханхалсан цоо шинэ “Сэхүүн салхи” цомгийнхоо баярыг есдүгээр сарын 18-нд “VLVT” клубт тэмдэглэж, их хотын залуусыг нэг өдөр ая дуугаараа мялаах нь.
Дуучин Б.Сарантуяаг шинэ жилийн дууны хатан хаан гэлцдэг “Шинэ жилийн шөнө”, “Цагаан шөнө” дуугүйгээр шинэ жилийг төсөөлөхөө больсон. Тийм болохоор 10 шахам жилийн өмнө шинэ жилийн дууны цомог гаргаж байсан Сараа энэ шинэ жилээр тоглолт хийхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)