Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн иржээ.
Өсвөрийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн байна.
Тэмцээний эхний өдөр манай хөвгүүдийн ангилалд дөрөв, охидын ангилалд дөрвөн бөх барилдаж гурван хүрэл медаль хүртсэн юм.
Хөвгүүдийн хамгийн хөнгөн жинд буюу 50 кг-ын жинд "Алтайн хүчтэн" клубийн бөх Бямбасүрэнгийн Сүхбат хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд Тайваний бөхийг хожин хагас шигшээд шалгараад Казахстаны бөхөд ялагдсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө эзэн орны бөхийг вазари үнэлгээгээр хожин шагналын тавцанд гарсан байна.
Түүнтэй хамт энэ өдөр охидын 40 кг-ын жинд "Сараево-2015" өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт "Женко" клубийн бөх Баасансүрэнгийн Ойдовчимэд, 44 кг-д Архангай аймгийн биеийн тамирын дунду сургуулийн бөх Энх-Амгалангийн Уртнасан нар хүрэл медаль хүртсэн ажээ.
Харин тэмцээний хоёр дахь өдөр охидын 57 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Мөнхцэдэвийн Ичинхорлоо алтан медаль хүртсэн. Тэрбээр Лаос, Казахстан, Тайваний тамирчдыг хожин түрүүлжээ.
Мөн энэ өдөр Монголын Жүдо Академийн бөх С.Бат-Орших тивийн АШТ-ээс мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг дараалан цэвэр ялаад аваргын төлөө Ираны бөхөд торгуулиар хожигдсон юм. Түүнчлэн тэмцээний сүүлийн өдөр охидын 63 кг-д "Тэмүүжин" клубийн бөх Ганзоригийн Отгонцэцэг, 70 кг-д Архангай аймгийн биеийн тамирын дунду сургуулийн бөх Амарсайханы Оюунгэрэл нар хүрэл медаль хүртжээ.