ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хүртэл ингэж нээлттэй ярьж байгаагүй. Ингээд түүний ярианаас онцлох 24 ишлэлийг хүргэе.
1. Олон жил ийм идэвхтэй амьдраад сурчихсан хүн чинь зүгээр суугаад байж болдоггүй юм байна. Саяхнаас дахин суръя гэж бодоод МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн докторантурт бүртгүүлчихлээ. Эдийн засгийн ухааны доктор болох санаатай.
2. Өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн АН-ын хороонд намын гишүүнчлэлээ сэргээлгэсэн.
3. Албан тушаал санал болгосон ч би өөрөө очих сонирхолгүй байсан.
4. Олон жил төрийн ажил, улс төрийн дотор нь явсан хүн өөрөө мэдэлгүй ваакумд ордог. Асуудал яам, Төрийн ордонд нэг өөр, амьдрал дээр бүр өөр харагддаг. Тиймээс тэр ваакумаас гаръя гэж бодсон.
5. Гадна талаас нь ажиглахад АН-д болж байгаа юм ч байна, болохгүй байгаа нь ч бас байна
6. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байх үед ажлыг хийж байжээ. Монгол Улсыг удирдаж явах үүргээ биелүүлж байсан юм байна.
7. АН засаглаад хямрал эхэлчихсэн юм шиг ярьдагтай би санал нийлэхгүй. Монгол Улсын өнөөгийн энэ хямралын эх 2012 оны тавдугаар сард тавигдсан байдаг юм. Тэр үед УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаас л энэ бүх хямрал үүдэн гарсан.
8. Өөрөөр хэлбэл, тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг УИХ шийддэг хууль баталснаас болж бүх хөрөнгө оруулагч үргэсэн. Нэг ёсондоо манайхан хөөж гаргасан. Үүнээс болж Монгол Улсад жил бүр орж ирдэг байсан 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт таг зогссон.
9. Шийдлийн Засгийн газарт бодлого, зорилт, төлөвлөгөө нь бүгд байсан. Юуны өмнө хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн өсөлтийг хангахыг зорьсон.
10. АН-ын хийх гол зүйл бол зээл аваад ажил явж байгаа энэ хугацаандаа жинхэнэ валют өгөх эдийн засгийн зүтгүүрүүдээ бушуухан хөдөлгөх хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь, энэ асуудлууд дээр нэлээд их цаг авлаа.
11. Ер нь нам дамнасан бүлэглэлүүдийн нэг нь нөгөөгөө дийлэх, зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх гэсэн өрсөлдөөнөөс болж төрийн үйл ажиллагаанд гацаа үүсч байна.
12. Уг нь хямрал юунаас эхтэйг, эдийн засаг яагаад хүндэрснийг АН-ын гишүүд бүгд мэдэж байсан ч шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Ингэхдээ огцруулах гурван үндсэн шалтгаан гаргаж тавьсаны нэг нь давхар дээл тайлах ёстой гэсэн шүүмжлэл. Хоёрт, Оюутолгой, Тавантолгойгоо явуулж чадаагүй гэсэн. Гуравт, Н.Энхбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулсан нь байж болшгүй зүйл гэж олон хүн үзсэн. Энэ нь ч Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахад том түлхэц болсон.
13. Гэтэл өнөөдөр давхар дээлүүд тайлагдсан уу, тайлагдаагүй. Харин ч давхар дээлийг тайлах ёстой гэж хамгийн их шүүмжилсэн УИХ-ын гишүүд нь өөрсдөө давхар дээл өмсчихөөд явж байна. Манай АН-ын жирийн гишүүд давхар дээл өмсчихсөн яваа энэ хүмүүсээсээ үнэхээр их ичиж, уур нь хүрч байгааг дашрамд хэлчихье.
14. Оюутолгой, Тавантолгой ч хөдөлсөнгүй. Шинэчлэлийн Засгийн газрыг энэ хоёр төслийг явуулж чадсангүй гэж л огцруулсан, ажлыг нь авсан. Одоо тэгээд чадаж байгаа нь юу юм бэ гэхээр бас л мэдрэгдэх зүйл алга.
15. Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарна гээд гэрээнд гарын үсэг зурчихсан нь буруу гээд юу болж байлаа. Том том дарга нар хурал хийгээд л… Ингээд зогсохгүй МАН-тай хамтарч ажиллах ёстой гээд Засгийн газар хүртэл байгуулсан биз дээ. Юу болов, тодорхой хэдэн сарын дараа л МАН-тай хамтрах нь буруу юм байна. Буцаад Н.Энхбаяртайгаа хамтрахаас өөр сонголт алга гээд явж байна шүү дээ.
16. Миний харж байгаагаар фракц толгойлдог нөлөө бүхий УИХ-ын гишүүд, төрийн гурван өндөрлөгт багтдаг хүмүүс ямар нэгэн байдлаар Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулаад 2016 оны сонгуульд өөр хүн энэ намыг удирдаж, өөр хүн Ерөнхий сайд болоод орвол илүү их амжилт гаргана гэсэн л тооцоо хийсэн байгаа юм.
17. Ер нь бол нүүрс өндөр үнэтэй байх үед шийдчихсэн байсан Тавантолгойг төмөр замын царигийн асуудлаас болж л зогсоосон шүү дээ. Улсаас нэг ч төгрөг гаргуулахгүйгээр хувийн хөрөнгөөр төмөр зам бариулаад нүүрсээ гаргаад явчихаж болох байсан юман дээр манай намын, миний сайд байсан Х.Баттулгын толгойлдог хүмүүс эсэргүүцсээр байгаад гацаасан.
18. Ер нь бол Х.Баттулга гишүүн шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Өөрөө анх давхар дээлээ тайлж байна гэж сайдаасаа татгалзаж өргөдөл бичиж л байсан. Одоо фракцаасаа давхар дээлтэй сайдууд томилоод л сууж байна.
19. Манай яамны хувьд “Чингис” бондыг маш үр бүтээлтэй ашигласан гэж үзэж байгаа. “Чингис” бондын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэсэн зорилт тавьсан. Энэ нь ч зөв байсан.
20. Ер нь бол Монголоос түүхий эд бэлтгээд аваад явж байгаа гаднынхан ямар ч бүртгэлгүйгээр гаалийн мэдүүлэг бичүүлээд л аваад явчихдаг байсан. Иймд хэнээс нийлүүлэгдээд хэн, хэчнээн ширхэг юмыг хэдээр үнэлж худалдаж авав гэдгийг ил тод гаргаж ирж байгаа зүйл бол Хөдөө аж ахуйн бирж.
21. Бурмаа сайдын хийж байгаа чөлөөт бүсийг бол буруу гэж боддог. Чөлөөт бүс ихэнхдээ боомт түшиглэдэг, хоёрдугаарт гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үүрэгтэй бүс. Ийм байтал Халх голын үржил шимтэй үүц болсон газартаа гадаадынхныг урин дуудах нь ухагдахууны хувьд маш буруу.
22. Манай намын хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа зүйл нь удирдлагуудын эв түнжин алдагдаад байгаад л байна.
23. Манай намын дүрмийн үндсэн санаа бол намын даргыг Их хурлаараа сонгодог байя аа гэж байгаа юм. Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол Үндэсний зөвлөлдөх хороогоор томилогдох ёстой. Гэтэл бид Их хурлаар сонгогдоогүй даргатай, Үндэсний зөвлөлдөх хороогоор томилогдоогүй, жинхлээгүй ерөнхий нарийн бичгийн даргатай сууж байна.
24. Өөрөөр хэлбэл, ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй удирдлагуудтай байна. Фракцууд маш хортой. Яагаад гэвэл АН-ын дотоод ардчиллыг хөгжүүлэхгүйгээр фракцын дарга нар гэсэн хэдэн хүн л асуудлыг шийдээд байна, намын амьдралыг хөлдөөж байна. Намын институцийн үйл ажиллагааг сулруулж байна. Энэ нь АН-д маш хор хохирол учруулж байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (23)