Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2015 оны 10-р сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын 9 кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын Кино Өдөрлөг”-ийг 2015 оны 10-р сарын 8-нд Францын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулна.
2014-2015 онд бүтээгдсэн Монголын шилдэг 4 кино бүтээлийг танилцуулах зорилготой “Монгол Кино Хөтөлбөр”-ийг Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран 2015 оны 10-р сарын 9-нд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Олон улсын кино хөтөлбөр 2015 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд зохиогдоно.
Дэлгэрэнгүй хөтөлбөр удахгүй тавигдах болно.
Холбогдох утас 319015, 319017