Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэнэ. Сангийн яамнаас 2016 оны Төсвийн төслийг хэрхэн боловсруулсныг доорх 24 баримтаас уншина уу.
1. Ирэх оны төсвийн төслийн орлого, зарлага энэ оны төсвөөс бага хэмжээгээр өсчээ. Төсвийн орлого зургаан их наяд 981.4 тэрбум төгрөг, зарлага нь долоон их наяд 883.0 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.
2. Ирэх оны төсвийг энэ оны төсөвтэй харьцуулахад зарлага 45 тэрбумаар буюу 0.6 хувь, орлого 339 тэрбумаар буюу тав орчим хувиар өссөн үзүүлэлт байгаа юм.
3. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4.0 хувиас илүүгүй байна гэж тооцжээ.
4. Төсвийн хөрөнгө оруулалтыг хоёр дахин багасгаж, 400 гаруй тэрбум төгрөгөөр төсөвлөжээ.
5. Хөгжлийн банкны санхүүжилтээр 450 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тооцсон байна.
6. Өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байна гэж Төсвийн төсөлд тусгажээ.
7. 2017-2018 оны төсвийн төсөөлөлд өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувь байх буюу үе шаттайгаар бууруулна гэж тооцсон байна.
8. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,418.7 тэрбум төгрөгөөр баталсныг 1,222.4 тэрбум төгрөгөөр багасгажээ. Сангийн зарлагыг 1,484.8 тэрбум төгрөгөөр баталсныг 61.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,546.6 тэрбум төгрөгөөр төсвийн тодотголд тусгажээ.
9. Засгийн газрын бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 90,750.0 сая төгрөгөөр бууруулахаар тооцож хуулийн төсөлд тусгажээ.
10. Энэ онд уурхайн салбараас нэг их наяд 400 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Тэгвэл ирэх жил 900 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож, нийт орлогын 90 хувийг зэс, алт, нүүрсний салбар дангаар төвлөрүүлнэ тооцжээ.
11. Төсвийн төсөлд алтны хэмжээг төсөөлөхдөө, Оюутолгой компанийн олборлох зэсийн баяжмалд агуулагдах 10.1 тонн алтыг экспортлохоор, мөн “Алт хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкинд 13.5 тонн алт тушаахаар тооцжээ.
12. Нүүрсний хэмжээг 19.5 сая тонноор тооцсоноос 9.5 сая тонн нь Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурстэй хамтран ашиглах Тавантолгой ордоос экспортлох угааж баяжуулсан нүүрс байна гэж тооцоолсон байна.
13. Оюутолгой 2016 онд 774.1 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулахаар байгаа бол Эрдэнэт үйлдвэр нь 587.5 мянган тонн зэсийн баяжмал, 3023.4 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн борлуулахаар төсвийн төсөлд тусгасан байна.
14. Засгийн газрын шинээр авах зээл, гаргах үнэт цаас, өрийн баталгаа, тэдгээрийн эргэн төлөлт, зохицуулалтын арга хэмжээг оруулан тооцсоноор 2016 оны эцэст Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа нь 54.4 хувьд хүрэх төлөвтэй байгаа гэж тооцжээ.
15. Ирэх онд өмч хувьчлалаас 171 тэрбумыг төвлөрүүлнэ гэжээ.
16. Төрийн банк болон Хөрөнгийн биржийг хувьчлах замаар 80 тэрбумыг, төрийн өмчийг худалдаж 61 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тооцсон байна.
17. Энэ жилийн хувьд Импортын нэмэгдсэн өртгийн албан татвар хамгийн өндөр буюу 300 гаруй тэрбум төгрөгөөс тасраад байгаа. Ирэх онд мөн Импортын орлогын албан татвараас 894 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тооцжээ.
18. Төрийн албаны давхардсан чиг үүргийг үе шаттай бууруулах, төрийн албан хаагчийн орон тоог 3054-өөр цөөрүүлж, урсгал зардлыг 50.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн төсөлд тусгажээ.
19. Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтан, бүх шатны шүүгчид, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга нарын цалин хөлсийг 30 хувиар хасахаар тусгажээ.
20. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар тооцжээ.
21. Яамны дэд сайдын орон тоог цомхотгоно.
22. Туслах, жолоочийн орон тооны цалин, гар утас, шатахууны зардлыг хэмнэхээр тооцож төсвийн төсөлд тусгасан байна.
23. Эмч, багш нар цагдаагийн алба, хил хамгаалах болон батлан хамгаалах салбарын төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг бууруулахгүй байх зарчмыг баримтална гэж төсвийн төсөлд тусгажээ.
24. Засгийн газрын найман агентлаг, Улсын Их Хурлын харьяаны 1 байгууллагыг нэгтгэх, зарим агентлагийг татан буулгаж чиг үүргийг нь холбогдох яамд, бусад агентлагт шилжүүлэх замаар агентлагийн тоог 6-аар бууруулах боломжтой гэж тусгасан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (41)