Иемений Засгийн газар болон шиит босогчид хооронд зургаан сар үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 500 гаруй хүүхэд амиа алдсан байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэв.
Гуравдугаар сараас эхэлсэн босогчидтой тэмцэх агаарын цохилтод 18-аас доош насны наад зах нь 505 хүүхэд амиа алдаж, 702 хүүхэд шархадсан байна гэж Хүүхдийн сан өчигдөр мэдэгджээ.
Мөн Иемен дэх 10 сая орчим хүүхдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаагийн зэрэгцээ 1.7 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох аюулд өртөөд байгааг дурдлаа.
Итгэл найдвар тээсэн хүүхдүүдийн мөрөөдөл өдрөөс өдөрт бүдгэрч байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Иемен дэх төлөөлөгч Юлиен Харнеис мэдэгджээ.
Мөн тэрбээр, орон сууц, сургууль гээд бүх зүйл устаж үгүй болж, хоол тэжээлийн хомсдол, өвчин зэрэг нь хүүхдүүдийн амь насанд аюул учруулж байна гэж мэдэгдсэн байна.
Хусит босогчид Иемений нийслэл Сана хотыг эзлэн авсан билээ. Улмаар хусит босогчидтой тэмцэх зорилгоор Саудын Арави тэргүүтэй эвсэл Иемен дэх босогчдын байрлалд өнгөрсөн гуравдугаар сараас агаарын цохилт өгч эхэлсэн. НҮБ-ын мэдээлснээр, агаарын цохилтын улмаас 2300 энгийн иргэн амиа алдсан байна.
Сэтгэгдэл (1)