“VTV” HD телевиз өчигдөр албан ёсоор нээлтээ хийж, орон даяар нэвтрүүлгүүдээ цацаж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд улс төр, нийгэм, урлаг, соёлын нөлөө бүхий эрхмүүд болон тус телевизийн удирдлагууд ажилчдын хамтаар оролцов.
Тус телевиз нь "Шинэ дэлхий" телевизийн суурь, баазан дээр байгуулагдаж байгаа бөгөөд үйл ажиллагаа, менежментдээ иж бүрэн шинэчлэл хийж нэр, бодлого, өнгө төрхөө өөрчлөн дахин төрж буй нь энэ юм. Мөн хамгийн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дүрсний үзүүлэлт бүхий “Full HD” хэлбэрээр техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийсэн байна. “Бид Монголдоо хайртай” уриатай "VTV" телевиз нь соён гэгээрүүлэх үндсэн үүргээ бодлогын гол чиглэлээ болгон ажиллаж, Монгол үндэстнийхээ зан заншил, өв соёл, нүүдэлчин ахуй зэргийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон сонирхолтой хөтөлбөр бэлтгэн хүргэнэ гэдгийг тус телевизийн захирал Э.Ганболор нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Тэрбээр мөн "МУ-ын оюуны өмчийн хуулийг маш өндөр түвшинд дагаж мөрдөн ажиллах төдийгүй телевизийнхээ бүхий л хөгжмийн бүтээлүүд дээр Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчид, хамтлагуудтай хамтарч ажиллана. Орчин үеийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага болох, үзэгчдийн маш хурдтай мэдээлэл авах урсгалд тохируулан технологийн хөгжил дэвшлийн давуу талуудийг ашигласан арга барилаар ажиллах болно. 13 жилийн турш видео продакшн, олон нийтийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай компани, манай телевизийг дангаар эзэмшиж байгаа учраас хараат бус хүчтэй мэдээллийн хэрэгсэл байж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. 35-аас доош насны залуусаар уран бүтээлийн багаа бүрдүүлсэн манай “VTV” HD телевиз цаашдаа салбартаа тэргүүлэгч контент үйлдвэрлэгч болох зорилготой" гэж хэллээ.
Мөн нийгэм,эдийн засгийн болон энтертайнмент чиглэлээр ч цоо шинэ өнгө төрх бүхий нэвтрүүлгүүд бэлтгэн үзэгчиддээ хүргэхээр бэлтгэн ажиллаж байгаа аж. Тус телевизийн нэвтрүүлгүүдийн ерөнхий найруулга, гүйцэтгэлийн ажлууд дээр .V. студи, албан ёсны хөгжмийн продюссерээр хөгжмийн зохиолч Б.Чинбат, нүүр царай болох хөтлөгчдийн имиж бүрдүүлэлт дээр Матрикс салон, брэнд хөгжүүлэлт дээр “Бид Монгол агуулга” нэгдлийн туршлагатай дизайнер О. Одонболд зэрэг салбар бүрийн шилдгүүд ажиллана.
Монголын телевизийн салбарт цоо шинэ өнгө төрхтэйгөөр дахин төрж буй "VTV" телевизийн хамт олон болон захирал Э.Ганболорт ажлын амжилт хүсье. Мэдээллийн эрин зууны өрсөлдөөн ихтэй телевизийн салбарт өөр нэгэн өнгө, төрх болон ажиллана гэдэгт итгэлтэй байна.
WWW.24TSAG.MN
Сэтгэгдэл (3)