Нэрт зохиолч Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт драмын театрт “Алтан намар” урлагийн их наадам зохион байгуулагдлаа. Наадамд Завхан аймгийн бүх сумдын авьяастнууд оролцож, гоцлол дуу, хамтлаг дууны төрөлд өрсөлдлөө. Мөн наадмын үеэр нэрт хөгжмийн зохиолч “Цэвээнравдангийн дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн зохиогдсон нь олны анхаарлыг ихэд татсан юм. Тэмцээнд оролцогчдын ихэнх нь түүний зохиосон сүүлийн үеийн хит дуу болох “Хоёр маргаз уул” дууг тайзнаа эгшиглүүлж байлаа.
Мөн аль хэдийнээ олон түмний сонсох дуртай аялгуу болсон “Бүстийн цэнхэр нуур”, “Багшийн алдар” зэрэг дуунуудыг ихэнх оролцогчид сонгон тайзнаа амилуулсан юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд оролцогчдын ур чадвар нэмэгдсэн гэдгийг наадмын ерөнхий шүүгч онцолж байлаа. Мөн тэрбээр оролцогчид “Алтан намар” урлагийн наадамд ихээхэн ач холбогдол өгч, сайтар бэлтгэн оролцсоныг дахин дахин онцолсон. Урлагийн наадмын үеэр хамтлагийн төрөлд оролцсон үндэсний хөгжмийн “Хөсөгтөн Монгол” хамтлагийн “Хөсөгтөн Монгол” дуу, Хилчин хамтлагийн дуулсан “Жамаас” зэрэг дуунууд олны таашаалд ихэд нийцсэн юм.
Д.Ундрах/24tsag.mn/