Маргааш эхлэхээр товоо зарласан UB ART FAIR 2015-т дүрслэх урлагийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж Урлагийн нийслэл Улаанбаатар уриан дор бүтэн 7 хоногийн турш нийслэлчүүдээ урлагаар амьсгалуулж, олон улсын шагналт шилдэг бүтээлүүд олны нүдийг баясгах нь.
Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Profile agency хамтран зохион байгуулж буй UB ART FAIR 2015 олон нийтэд дүрслэх урлагийн боловсрол олгох, олон улсын шагналт бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах гэсэн үндсэн 2 зорилгыг өмнөө тавьжээ.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх галерей шинэ үзэсгэлэн гаргаж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр дүрслэх урлагийн мэргэжлийн ангийн оюутнууд хичээл зааж, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны Арт галерей, Монголын Уран Зургийн галерей, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавих юм байна.
Мөн “Урчуудын өдөр” энэ ням гарагт УДЭТ-ын талбайд болох бол “Нээлттэй Урлан” өдөрлөг Монголын Урчуудын Эвлэлийн А байранд энэ сарын 29-ний өдөр болох юм.
UB ART FAIR энэ сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилнэ.