Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Колумбын албан тушаал нэгт Жуан Мануэл Сантос нар хилээ аажмаар дахин нээх хэлэлцээрт хүрсэн байна. Венесуэл сар гаруйн өмнө хулгайгаар хил нэвтрүүлэхийн эсрэг ажиллагааны хүрээнд хилээ хаасан юм. Николас Мадуро хулгайгаар хил нэвтрүүлэх явдал нь тус улсын зарим хотуудад бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэх шалтгаан болсон хэмээн мэдээлж байсан билээ.
Хоёр Ерөнхийлөгч Эквадорт уулзсан бөгөөд хил нээхээс гадна элчин сайдуудын яамаа харилцан нээнэ хэмээн тохирчээ. Хоёр орны харилцаанд хямрал үүссэний улмаас 20000 колумб Венесуэлийг орхин явсан байна. Тэдгээрийн 1500 нь хууль бусаар хил нэвтрүүлдэг гэмт бүлэглэлтэй холбоотой байсан гэж Николас Мадуро ярьжээ.
Харин зөвшилцөлд хүрсний дараа Мадуро “Нийтлэг эрх ашиг, энх тайвныг эрэлхийлсэн хүсэл нь өнөөдөр манай хоёр улс, ард түмнүүдийг эргэн хамтарч ажиллахад хүргэлээ” гэсэн байна.
Колумбын Ерөнхийлөгч Сантос Венесуэлийг орхин явсан колумбууд эргэн ирэхэд тус улс ард иргэдийнх нь эрхийг хүндэтгэн үзэхийг хүсчээ. Колумбын удирдагч нэмж хэлэхдээ “Би гэмт хэргийн бүлэглэлүүд хилийн томоохон асуудал болж буйг хүлээн зөвшөөрч байна. Гэвч шийдэх хамгийн зөв зам бол хамтран ажиллах юм” гэжээ.
Өнгөрсөн сарын 19-нөөс хойш Венесуэлийн 3000 гаруй цэрэг хилийг нэмж хамгаалж байсан тул одоо энэ хүчийг бууруулна хэмээн хүлээгдэж байна.
Бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэгчид Венесуэлийн хямд шатахууныг Колумбийн хил дээр дамлан зарах явдал ихээр гардаг юм.
Г.Үжин