Лхагва гарагт Чилид 8.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан учирч болох гамшгаас сэргийлж Япон болон АНУ-ын Калифорн мужид цунамийн сэрэмжлүүлэг өгчээ.
Цунами Японы эрэгт хүрч магадгүй байна. Энэ талаар Токиод болсон хэвлэлийн хурал дээр тус улсын Цаг уурын удирдах газрын төлөөлөгч Ёхэй Хасэгава мэдээлжээ. Тэрбээр “Чилийн газар хөдлөлтийн дараа үүссэн цунами Номхон далайн ихээхэн газар нутаг, тэр дундаа Японы эрэг хүртэл тархаж магадгүй. Одоогоор шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж байна" гэжээ.
Номхон далайн цунамийн аюулыг анхааруулах төвийн мэдээллээр давалгаа Японы Хоккайдо арал, мөн Токиогийн хөрш Чиба мужид орон нутгийн цагаар енөө өглөөний 05.30-д ирэх аж. Түүнээс гадна цунами Мексикийн эрэг орчимд аюул учруулахгүй гэж мэдээлжээ.
Харин Калифорн мужийн эрх баригчид эрэг орчмын бүс нутагт цунамигийн сэрэмжлүүлэг зарласан байна. Энэ нь Калифорн мужийн өмнөд хэсгийн бүс нутагт хамааралтай аж, Лос-Анжелос, Сан-Диего хотуудад урьдчилан сэргийлэх онцгой арга хэмжээ авч эхэлсэн байна. Ялангуяа орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө хамгийн аюултай үе гэж үзжээ.
Г.Үжин