Лхагва гарагт Чилид хүчтэй газар хөдөлж, нийслэл Сантьяго хотод хүртэл барилга байшингууд гуйвахад хүрсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ. 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийслэлээс баруун хойд зүгт 232 км-т орших тэнгисийн эрэгт голомттой байжээ. Гэвч асар хүчтэй байсан учраас хол зайд орших нийслэл хотод чичиргээ мэдрэгдсэн байна.
Чичиргээ мэдэрсэн Сантьяго хотын оршин суугчид.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 19:54 цагт болсон бөгөөд Иллапел хотоос баруун зүгт 55 км-т үүссэн хэмээн АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдээллээ. Албаны хүмүүс газар хөдлөлтийн гүн нь 10 км байсан гэлээ.
Номхон далайн Цунамийн анхааруулгын төв хүчтэй газар хөдлөлтийн улмаас өргөн хүрээний, асар том цунамийн давалгаа ирж болзошгүйг анхааруулжээ.
Одоогоор ямар нэгэн хүн амь насаа алдсан гэх мэдээлэл ирээгүй байна. Гэвч цунамийн анхааруулга өгсөн учраас тэнгисийн эрэг хавийн оршин суугчдыг нүүлгэх тушаал гарсан байна.
Газар хөдлөлт эхэлснээс хойш хэдхэн минутын дараа шоконд орсон хүмүүс олон байна гэх мэдээлэл Чилийн нийгмийн сүлжээгээр цацагджээ.
Чили улсаас гадна зэргэлдээ орших Перу, Хавайд цунамийн анхааруулга өгсөн байна. Газар хөдлөлт хөрш улс Аргентины Мендоза муж болон нийслэл Буэнос-Айрест мөн мэдрэгдсэн гэв.
Г.Үжин