Австралийн засгийн газар алан хядагч “Исламын улс”-тай тэмцэх ажиллагаанд нэгдсэний хүрээнд анх удаа Сирид агаарын цохилт өглөө хэмээн мэдээллээ. Тус улс Сири, Иракын нутаг дахь исламын хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх олон улсын хамтралд эрт элссэн билээ.
Австрали Сири, Иракт цохилт өгөх Агаарын хүчээ нэмэгдүүлнэ хэмээн амласан.
Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр Сирид даваа гарагт 3 удаа агаарын цохилт өгчээ. Ингэснээр “Исламын улс”-ын хуягт тээвэрлэгч болон түүхий газрын тосны цуглуулагчийг устгасан байна.
Австралийн агаарын хүчин Сирид анх удаа цохилт өгсөн ч Иракт сүүлийн 12 сарын турш агаараас бөмбөгдөж байна.
Австралийн Ерөнхий сайд асан Тони Эбботт өчигдөр ажлаа өгөхөөсөө өмнө буюу өнгөрсөн долоо хоногт Сири, Иракт ажиллах агаарын хүчин чадлаа АНУ-ын хүсэлтийн дагуу нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр мөн Австрали Улс 12 мянган Сирийн дүрвэгчийг хүлээж авна гэсэн байна.
Олон улсын хамтралыг тэргүүлж буй АНУ-ын Төв Коммандын мэдээлснээр Их Британи, Арабын нэгдсэн Эмират, Франц улсууд сүүлийн саруудад агаарын цохилтыг эрчимтэй явуулж байна гэжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)