Алдарт дуучин Уитни Хьюстоны холограмыг бүтээж эхэлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ.
АНУ-ын энтертайнмент фирм алдарт дуучны 3D зургуудыг бүтээж, тэдгээрээс бүрдсэн холограм хийж байна. Зохион бүтээгчид энэхүү бүтээлүүдээ 2016 онд дэлхий дахинтай танилцуулах аж.
“Hologram USA” компани Уитни Хьюстоны холограм бүтээх эрхээ патентжуулсан бөгөөд “Энэ бол 16-р зууны үеийн илбийн үзүүлбэрийг өндөр технологид хослуулсан хувилбар юм” хэмээн тодотгожээ. Попын хатан хааны холограмыг бүтээхэд олон зуун сая доллар зарцуулж байгаа гэнэ.
Тус компани нь АНУ-аас дүрвэсэн Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадорын ЭСЯ-аас Америкийн албаныхантай шууд хурал хийхэд дамжуулалт хийсэн алдартай байгууллага юм.
“Амьд холограмын хувьд уулзалтанд дүрсийг дамжуулахад тусгай камер, ногоон өнгийн дэлгэц л хэрэгтэй. Харин амьгүй биеийг холограм болгоно гэдэг асар их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулах ажил” хэмээн “Hologram USA”-ийнхэн ярьсан байна.
Хьюстоны хамаатнууд түүнийг дижитал хэлбэрээр “дахин төрүүлэх”-ийг албан ёсоор зөвшөөрсөн байна. Хьюстоны дүү Пэт Хьюстон энэ тухай “Түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй уран бүтээлчийг шүтэн бишрэгчидтэй нь уулзуулах гайхалтай бүтээл” хэмээн хэвлэлд ярьжээ.