Австралийн шинэ Ерөнхий сайдаар Малкольм Тернбулл тангараг өргөхөөр болжээ. Ерөнхий сайд Тони Эбботт намынхаа даргаас огцорсон тул тус улс засгийн газрын шинэ тэргүүнтэй болоход хүрсэн билээ.
Тернбулл нийслэл Канберра дахь Төрийн ордонд лхагва гарагт тангараг өргөхөөр болсон байна.
Өчигдөр шөнө эрх баригч намын төлөөлөгчид Ерөнхий сайдаар Тони Эбботт, Малкольм Тернбулл нарын хэнийг сонгох вэ гэсэн санал хураалт явуулжээ. Эбботт 44 санал авсан бол Малкольм түүнийг 10 саналаар давсан байна.
Австралийн 29 дэх ерөнхий сайд болохоор хүлээгдэж буй Малкольм Тернбулл ялалтынхаа дараа “Энэ бол Австрали хүн болж төрсний хувьд хамгийн сэтгэл догдлуулсан мөч байх болно” хэмээн хэлжээ.
Малкольм Тернбуллыг ерөнхий сайд болсон ч энэ долоо хоногийн эцэс хүртэл өмнөх кабинетад халгаа сэлгээ хийхгүй хэмээн хүлээж байсан юм. Гэвч түүнийг тангараг өргөөчгүй байхад Сангийн сайд Жое Хокейгийн оронд шинэ сайд томилно гэсэн яриа гарсан байна. Улс төрийн учир мэдэх хүмүүс Нийгмийн халамжийн сайд Скотт Моррисон Сангийн сайдад сууна хэмээн ярьж байгаа юм.
Либерал намын шинэ тэргүүн Жули Бишоп Тернбуллыг дэмжсэн.
Эрх баригч Либерал намын шинэ тэргүүн Жули Бишоп санал хураалт дээр Тернбуллыг дэмжсэн байна. Тэрээр энэ шийдвэрээ сэтгүүлчдэд тайлагнахдаа “Тони Эбботт 2013 оны сонгуульд ялахдаа гайхалтай сайн байсан. Хүмүүс түүнд итгэж, маш их зүйлийг хүлээж байв. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард төлөөлөгчид Ерөнхий сайдыг тэрхүү хүлээлтэнд хүрэхгүй байгаатай санал нийлэх болсон” гэжээ.
Тони Эбботтод намынхан нь дургүйцэж эхэлсэн тул түүнд 6 сар сайн ажиллах хугацаа олгосон юм. Гэвч долоон сарын дараа гэхэд Эбботт намынхаа гишүүдийн итгэлийг олж чадаагүй учраас Либерал намынхан түүний оронд Гадаад хэргийн сайд Жули Бишопийг удирдагчаар сонгосон юм.
Эрч хүч дүүрэн явсан ч намдаа дэмжлэг хүртээгүй Тони Эбботт. Түүний удирдлага дор Харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Тернбулл Австралийн 29 дэх, 2013 оноос хойшх 4 дэх Еөрнхий сайд болох юм.
Г.Үжин