АНУ-ын Калифорн муж улсад хээрийн хэд хэдэн мужид хээрийн түймэр ширүүссэний улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Нөхцөл байдал хүндэрсэн тул мужийн захирагч онц байдал зарлалаа.
Захирагч Жерри Браун энэ талаар мэдээлэхдээ “Түймэр Напа болон Лэйк мужуудын барилга байгууламжийг устгаж, оон зуун хүнийг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн” гэв.
Өнгөрсөн бямба гарагт Лэйк мужийн тосгонд гарсан түймэр аль хэдийн 40 мянган акр газрыг шатаажээ. Түймэр ирэх даваа гарагт Миддлетаунд хүрнэ гэсэн сургаар 1500 хүнийг нүүлгэж шилжүүлэхийг тушаагаад байна. Сан Франциско хотын хойд хэсэгт орших Миддлетаун мужаас аль хэдийн 1300 гаруй хүн дүрвээд байгаа юм.
Харин зүүн хэсгийн дүүргүүд болох Амадор, Калавераст 4000 гаруй гал унтраагч өнгөрсөн лхагва гарагт дэгдсэн түймэртэй тэмцэж байна. Энэ хэсгийн түймэр 26 мянган га газрыг хамарсан бөгөөд 86 айлын байшин, 51 барилга байгууламжийг шатаажээ. Түймрийн голомтод ажиллаж байсан гал унтраагчдаас дөрөв нь түлэгдсэн тул эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.
Долдугаар сарын сүүлээр Фреснод эхэлсэн түймэр хамгийн их гашмиг урчуулаад байгаа бөгөөд нийт 52 мянган га газрыг хамраад байна. 3000 орчим гал унтраагч сар гаруйн турш түймэртэй тэмцэж ердөө 29 хувийг нь унтраагаад байгаа юм.
Гал унтраагчид Фресногийн түймэртэй 2 сар орчмын хугацаанд тэмцэж байна.
Эдгээр баримтуудаас Калифорнид түймэр ямар их хүчтэй урагшилж, өргөн хүрээг хамаарч, олон мянган хүнийг хохироож байгааг харж болно. Холбогдох албаныхан түймрүүдийг олон жилийн дундаж температураас хэт их халсны улмаас үүссэн хэмээн үзэж байгаа юм.
Калифорн муж өнгөрсөн долдугаар сард л гэхэд түймэртэй тэмцэх ажиллагаанд 212 сая ам.доллар зарцуулсан байна. Улаан загалмайн нийгэмлэгээс дүрвэсэн иргэдэд зориулж хоргодох байр нээж байгаа гэлээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)