Энэтхэгийн Ассам муж дахь авлигын нөхцөл байдал, авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэлгүй байдал, түүнчлэн эмнэлгийн хангалтгүй үйлчилгээ зэрэг нь тус мужид шинээр төрж байгаа эхчүүдийг үхлийн аюулд оруулж байна. Нутгийн сайн дурын бүлгийнхэн хямдхан Нокиа утасны тусламжтайгаар үүний эсрэг тэмцэл өрнүүлж байна.
Моника Сингх -ийн хувьд саяхныг болтол жирэмсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан авлигад автсан эмнэлгийн албан тушаалтнуудтай тэмцэж чадна гэж түүний санаанд багтахгүй байлаа. Энэтхэгийн зүүн хойд нутагт амьдардаг, ялгаварлан гадуурхагдсан Адиваси -чуудын нэг болох бүрэг ичимхий, 21 настай энэ бүсгүй тус бүс нутагт ноцтой хэмжээнд хүрээд байгаа эхийн эндэгдэлтэй тэмцэх зорилго бүхий төслийн үйл ажиллагаанд татагдан орсноосоо хойш олон зүйлийг хийж чаддаг болжээ. Моникагийн зөвлөгөө өгч байсан нэг эмэгтэй жирэмсний дөрөв дэх сар дээрээ эмнэлэгт хэвтэх үед эмчлэгч эмч нь эмийн төлбөр шаардсан байна. Гэвч үнэн хэрэгтээ ийм төлбөр төлөх ёсгүй аж. Төрийн мэдлийн эмнэлэг нь жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх журамтай. Моника энэ талаар эмчид хэлж зохих шаардлага тавьснаар асуудал шийдэгджээ. Харамсалтай нь Сонитпур дүүрэгт амьдардаг маш олон эмэгтэй хуулийн дагуу эмнэлгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх ёстой гэдгээ мэддэггүй. Жирэмсэн эхчүүдийн эрхийг ийнхүү зөрчиж байгаагийн үр дагавар нь заримдаа хүний амь насаар ч хэмжигддэг. Сайн дурын 40 идэвхтнээс бүрдсэн багийн нэг гишүүний хувьд Моника Сингх хэд хэдэн тосгоноор тойрон явж төрөх гэж байгаа болон төрсөн эхчүүд, тэдний гэр бүлийнхэнтэй уулзан зөвлөгөө өгдөг байна. Ингэхдээ эрүүл мэндийн тогтолцоонд оршиж байгаа алдаа дутагдлыг тайлбарлан таниулж, мөн тусгайлан зориулагдсан код ашиглан гар утсаар мэдээлэл илгээх талаар зааварчилга өгдөг ажээ. Жишээлбэл, 24 гэсэн дугаарыг мессежээр илгээх нь шаардлагатай үед түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй байгааг илэрхийлдэг. Эдгээр мэдээллийг хүлээн аваад шалгаж үзсэний дараа онлайн газрын зураг дээр тэмдэглэдэг.
“Эхийн эндэгдлийг одоо зогсооё” нэртэй хөтөлбөрийг төрийн бус гурван байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн оны 4 дүгээр сард эхлүүлснээс хойшхи хугацаанд Сонитпур мужид 70 тохиолдлыг онлайн газрын зураг дээр тэмдэглэсэн байна. Эдгээр тохиолдлын дотор хэд хэдэн эмнэлэгт өвчтнийг хүлээн авч эмчлэхээс татгалзсаны улмаас нас барсан, эмнэлгийн хүний нөөц, ор, эм, цусны нөөц хангалтгүйн улмаас хангалттай үйлчилгээ авч чадахгүй байгаа өвчтнүүд өвчиндөө шаналж байгаа зэрэг тохиолдлууд байгаа юм. Эмчилгээ хийхийн тулд хээл хахууль болон хууль бус төлбөр нэхэх явдал маш түгээмэл байна. Нэг жишээ гэхэд эх баригч нар төрөхийн хүндрэлтэй эмэгтэйд зүсэлт хийж төрүүлснийхээ дараа шархыг нь нээлттэй хэвээр хэдэн цагаар орхисон байна. Өвчтөн цус алдсаны улмаас амь алдахад хүрсэн тул хадам эгч нь эх баригч нарыг тусламж үзүүлэхийг гуйжээ. Мэдээллээс үзвэл эх баригч нар түүнд “амийг нь авармаар байвал хэдийг өгч чадахаа бидэнд үзүүл” гэсэн хариулт өгчээ. Эх баригч нарт 100 рупи буюу 1 доллартай тэнцэх хэмжээний хахууль өгсний дараа л шарханд нь оёдол тавьж өгсөн байна. Хямдхан Нокиа утас болон кодын жагсаалт бариад ажилдаа гарахын өмнө сайн дурын идэвхтнүүд сургалтад хамрагдаж эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн талаар судалдаг. Тэд мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалж буй хууль эрх зүйн талаар хичээл заалгадаг.
Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь тус бүс нутаг дахь эрүүл мэндийн нурсан тогтолцоонд гэрэл гэгээ оруулж байна. Энэхүү тогтолцооны сул дорой байдал эмэгтэйчүүдэд хамгийн халтай тусч байгаа билээ. Ассам мужид 100000 амьд төрөлт тутамд 328 эх эндэж байгаа нь Энэтхэг улс дахь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Энэтхэг улс дахь эхийн эндэгдлийн түвшин 2013 онд 50000 шахам байсан нь дэлхийн нийт хэмжээний 17 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Тус улс дахь эхийн эндэгдэл 2000 онд 100 000 амьд төрөлт тутамд 370 байсныг 2013 онд 190 болгож бууруулсан боловч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан энэ оны эцэс гэхэд дээрхи үзүүлэлтийг 109 болгож бууруулах зорилгод хараахан хүрч чадахааргүй байна. Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд 100 000 амьд төрөлт тутам дахь эхийн эндэгдлийн тоог 70- аас доош болгож бууруулах зорилт тавиад байна. Энэ зорилтыг биелүүлэхэд нэг гол нөхцөл нь хүн амыг хүнс тэжээлийн дутагдлаас ангижруулах явдал юм. Хүнс тэжээлийн дутагдлаас үүдэн бий болдог цус багадалт нь хөгжиж байгаа орнуудын хэмжээнд эхийн эндэгдлийн голлох шалтгаан болж байгаа билээ. Тэгтэл Ассам мужийн ажилчдын 70-90 хувь нь цус багадалттай гэсэн тооцоо бий. Энэтхэгийн Засгийн газар Анганвадис гэж нэрлэгддэг орон нутаг дахь нэгжүүдээр дамжуулан эх, хүүхдэд хүнс тэжээл түгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэвч Сонитпурт гэхэд хүмүүс өөрсдийн хувийг ихэнхдээ хүртэж чадахгүй байгаа бөгөөд энэ нь нэг бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд шаардлагатай хэмжээний хүнс тэжээлийг захиалан авч чаддаггүй, эсвэл тэд тараах ёстой хүнс, тэжээлийн бүтээгдэхүүнийг зарж борлуулаад мөнгийг нь хувьдаа завшдаг ажээ.
Сайн дурын ажилтнууд дүүргийн хэмжээний тосгонуудад ажиллаж эхэлснээс хойш нөхцөл байдал эрс сайжирч эхэлсэн байна. “Анганвадис төвийн ажилтнууд манай сайн дурынхнаас айдаг. Хийсэн хэргийнх нь талаар мэдээлнэ гэхээс айсандаа тэд үүрэгт ажлаа зохих ёсоор хийдэг болсон” гэж хөтөлбөрийн ажилтан Арпана Чоудхури хэллээ.
Сэтгэгдэл (1)