Монголын их соён гийгүүлэгч, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулан “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” сэдэвт үзэсгэлэн, түүний бүтээлүүдийн дээжээс бүрдсэн цомгийн нээлтийг өнөөдөр болно.
Тус үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дээжээс түүний ариун мутрын болон дэг сургуулийн сор дээж болсон 17 бүтээлийг дэлгэн үзүүлэх юм.
Мөн дээрхи бүтээлүүдийн зурагтай монгол, төвөд, санскрит, англи хэл бүхий тайлбарт цомгийг олны хүртээл болгох юм.
Чойжин ламын сүм нь VIII Богдын төрсөн дүү, Монгол төрийн их чойжин Лувсанхайдавт зориулан бүтээгдсэн "Номыг тэтгэгч сахиус" хэмээх Бурхан шашны хамгийн гүн нууцлаг ёс уламжлалын өвөрмөц онцлог бүхий бурхадын орон байв. Энэхүү сүм музейд Буддын шашны олон гайхамшигт бүтээл хадгалагдаж ирсний дотор Өндөр гэгээн Занабазарын урласан бурхад хүндтэй байрыг эзэлнэ.
Өндөр гэгээн Занабазар нь өөрийн эгэлгүй дээд номын билиг билгүүн, сод гайхамшигт мутрын ур чадвараар бурхан шүтээнийг буддын шашны урлахуй ухааны онол, тиг ёсны үүднээс боловч хүмүүний гоо сайхны төгс зохиролт дүрээр амилуулж асан, дахин давтагдашгүй суут их бүтээлч байсныг түүний өөрийн нь болон шавь нарын урласан бүтээлүүд нь гэрчилж байдаг юм.
Түүний урлаг, соёлын их шинэчлэл нь уран зураг, баримал, цутгамал, уран барилга зэрэг бүтээлүүд, бурхан шашны урлахуйн ухааныг нүүдэлч түмний оюун сэтгэлгээний өв ба ардын урлагийг гайхамшигтай хослуулж чадсанд оршидог юм.