АНУ-ын засгийн газар алан хядагчдын “Исламын улс” бүлэглэл химийн зэвсэг үйлдвэрлэж эхэлсэн хэмээн улам ихээр итгэх болсон гэж “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, “Исламын улс-ыг Ирак, Сирийн нутагт химийн зэвсэг үйлдвэрлэж, ашиглаж байна хэмээн үзжээ.
АНУ Ирак, Сирийн хил дээр дээрх бүлэглэл химийн зэвсэг ашигласан дөрвөн тохиолдол гарсныг онцолж байна. Тэдгээр бүх тохиолдолд химийн зэвсэг нунтаг хэлбэрээр байсан гэжээ.
Америкийн албаны хүмүүс “Исламын улс” химийн зэвсэг үйлдвэрлэдэг тусгай багтай хэмээн хардаж байгаа аж. “BBC”-гийн мэдээлснээр засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалж “Олон улсын нийгэмлэг Исламын улсыг химийн зэвсэг ашигласан гэж итгэж болох боломжит тайлбарууд бий” гэсэн байна.
Нэгдүгээрт, химийн зэвсгийг гар аргаар үйлдвэрлэж байж болох бөгөөд үйлдвэрлэлээ сайжруулахын тул химийн зэвсгийн судалгаа хийдэг баг бүрэлдэхүүн бий болгосон гэжээ.
Хоёрдугаарт, Исламын улс химийн зэвсгүүдийг Ирак эсвэл Сирийн нутгаас олсон бөгөөд үүнийгээ судалж өөрсдөө үйлдвэрлэдэг болох гэж байна. Ялангуяа 2013 онд Сири Улс химийн зэвсгийн нөөцүүдөө илчилнэ хэмээн амлах үед Сирийн зарим нутгийг эзлэхдээ нууц үйлдвэрийг нь олсон байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Ойрын өдрүүдэд Турк-Сирийн хил дээр болсон халдлагад химийн зэвсэг ашигласан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Одоогоор НҮБ химийн зэвсэг мөн эсэхийг тодруулаагүй байна. Түүнчлэн химийн зэвсэг ашигласан байлаа гэхэд тэдгээрийг исламын дайчид болон босогчдын хэн нь хэрэглэснийг нотлоход хүндрэлтэй байгаа юм.
Г.Үжин