Европын холбоо тун удахгүй дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдэх төлөвлөгөөгөө олон нийтэд зарлахаар болжээ. Энэ талаар “BBC” агентлагийн мэдээлснээр Европын хорооны Ерөнхийлөгч Жан Клауде Жанкер төлөвлөгөөг танилцуулах юм байна. Хугацаа нь тодорхойгүй байгаа хэдий ч төлөвлөгөөг энэ долоо хоногтоо багтаж танилцуулна гэсэн хүлээлт байна.
Төлөвлөгөө ёсоор 120 мянган орогнол хүсэгчийг Европын холбооны гишүүн орнуудад тараан байршуулах билээ. Цагаачдын 60 хувийг Итали, Грек, Унгар, Франц болон Испани улсуудад байршуулахаар тогтжээ. Одоогоор төлөвлөгөөний нарийн тодорхой шийдвэрүүдийг мэдээлээгүй байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сириэс түүхэнд байгаагүй олон мянган цагаач Европын орнуудын хилийг гатласан нь дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг яаралтай хэлэцэхийг шаардсан.
Европын холбооны зүгээс өнгөрсөн долоо хоногт Унгарт 40 мянган цагаачийг нэмж оруулна гэдгийг анхааруулаад байгаа. Түүнчлэн Австралийн засгийн газар 12 мянган цагаач хүлээн авах боломжтой гэсэн саналаа хэлээд байгаа юм.
Европын холбоо гишүүн орнуудаа ийм тооны дүрвэгч хүлээн авах саналыг урьдчилсан байдлаар тавьсан билээ.
Дүрвэгсдийн хямралаас болж Европын орнуудын дунд хагарал үүсэх нөхцөл ч бий болсон. Тухайлбал, Чех, Словак, Польш, Румын улсууд захиргаадалтаар дүрвэгсдийг тараах шийдвэрийг эсэргүүцэж байна.
Гэсэн хэдий ч сири хүүгийн усанд живж амиа алдсан зураг цацагдсан нь дэлхий дахиныг дүрвэгсдийн асуудалд анхаарахад хүргэсэн. Энэхүү үйл явдлын дараа Польш улс байр сууриа арай зөөлрүүлж 2000 гаруй цагаач хүлээн авах боломжтой хэмээн мэдээлсэн байна.
ХБНГУ цагаачдын асуудалд уян хатан хандаж байгаа бөгөөд энэ жил дангаараа 800 мянган орогнол хүсэгчийн хүлээн авна гэдгээ мэдээлсэн юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)