ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ” нь 2011 онд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, цагдаа-ард түмний холбоог бэхжүүлэх, цагдаагийн залгамж халааг бэлтгэх, тив, дэлхийн түвшний тамирчин бэлтгэх зорилгоор байгуулагдаж, одоо 6-17 насны 30 гаруй хүүхдэд таеквондо, сэтгэл зүй, хууль эрхийн сургалт зохион байгуулж байна.
Энэ хугацаанд МУ-ын спортын мастер 3, спортын дэд мастер 5, Дэлхийн таеквондогийн холбооноос хар, зэрэг дантай 18 тамирчин төрөн гарч, олон улсын тэмцээнээс 8, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 23, бусад нэрэмжит тэмцээнүүдээс 578 медаль хүртсэн амжилттайгаар өөрийн нэрэмжит анхдугаар тэмцээндээ бэлэг барьлаа.
Тус клубын нэрэмжит анхдугаар тэмцээн 2015 оны 09 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.
Тэмцээнд 24 клубын 358 тамирчид таеквондогийн үндсэн дөрвөн төрлийн нэг болох тулааны төрлөөр бага, өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар 28 жингийн ангилалаар оролцсоноос багийн дүнгээр бага насны ангилалд Олимп, Харцага дэвжээ, Дорноговь, өсвөр насны ангилалд Харцага дэвжээ, Сэлэнгэ, Олимп, насанд хүрэгчдийн ангилалд ҮБТДС, Харцага дэвжээ, Эхлэл клубүүд тус тус эхний 3 байранд шалгарчээ.
Тэмцээний “Шилдэг шүүгч”-ээр О.Хос-Эрдэнэ, “Шилдэг дасгалжуулагчаар” У.Ган-Эрдэнэ, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Харцага дэвжээний тамирчин Ц.Түвшинзаяа, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөтөл Мараната клубын тамирчин П.Номинчимэг нар шалгарсан байна.
Энэхүү тэмцээн нь цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгэмд тэр тусмаа хүүхэд, залууст чиглэсэн үйл ажиллагаа, цагдаагийн байгууллагын залгамж чанар, эргэх холбоог бэхжүүлэх, хүүхдийн спортын их наадмын өмнөх томоохон сорилго болж, бага, өсвөр, насанд хүрэгчдийн багыг тус бүрээр нь байр эзлүүлэн явуулж байгаараа онцлог болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)