ОХУ-ын Санктпетербург хотноо ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдаан болсон билээ.
Энэхүү уралдаанд дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучин оролцож, авьяас билгээ сорьсгоос Монгол Улсаас ЦДБЭЧ-ын дуучин Чулуунбаатарын Бадрал мөнгөн медаль хүртсэн юм.
Монгол хүн анх удаагаа оролцсон тус тэмцээнээс манай дуучин мөнгөн медаль хүртээд зогсохгүй Санктпетербург хотын алдарт Маринскийн театрт дүр бүтээх тусгай шагналын эзэн болсон билээ.
Тэгвэл тэрбээр өнөө өглөө эх орондоо ирлээ. Түүнийг Буянт Ухаа нисэх онгоцны буудалд газардахад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ЦДБЭЧ-ын хамт олон болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн угтан авсан байна.
Дашрамд сонирхуулахад, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, ахлагч Ч.Бадрал ОХУ-ын Тверь хотноо зохион байгуулагдсан Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин Надежда Обуховагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Тольятти хотноо зохиогдсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин алдарт дуучин Наталий Шпиллерийн нэрэмжит Анхдугаар уралдааны Гран при, Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдааны дэд байрт шалгарсан амжилтуудыг үзүүлжээ.