Австри улс дүрвэгсдийг хүлээн авах Европын орнуудын шийдвэрт үлгэр дууриал боллоо хэмээн "BBC" агентлаг бичжээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улс 12 мянган дүрвэгчийг хил нэвтрүүллээ. Дүрвэгсдийг орж ирэхэд тэдэнд зориулсан буудал дээр ирэх үед олон зуун австричууд халуун дотноор угтан авч, хоол хүнс бэлдэн ирсэн байна.
Орогнол хүсэгчдийн ихэнх нь Унгар-Австрийн хилээр орж ирсэн бөгөөд олонхи нь цааш Герман улс руу явах төлөвлөгөөтэй байгаа аж.
Сири хүүгийн усанд живж амиа алдсан зураг цацагдсанаас хойш Европын цагаачдыг хүлээн авахыг эсэргүүцэж байсан иргэд энэ асуудалд арай зөөлөн хандах болсон юм. Европын холбоо болон НҮБ ч энэхүү асуудлыг халуун дээр нь хурдан шийдвэрлэхийг эрмэлзэж байна.
Европын нутагт хөл тавьсан цагаачдыг хэрхэх талаар НҮБ-ын цагаачдын хэрэг эрхэлсэн хорооны төлөөлөгч Мелисса Флемин “НҮБ-ын цагаачдын хэрэг эрхэлсэн хорооноос Европ дахь цагаачдын асуудлыг шийдвэрлэх олон санал гаргасан. Жишээлбэл, Грек, Итали, Унгар улсуудад цагаачдыг хүлээж авах, бүртгэх төвүүдийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр төвийг Европын холбооноос удирдаж, дүрвэгчдийг бүртгэж авахаас гадна Европын улс орнуудад тэгш хуваарилах ажлыг хийж болно” гэв.
Г.Үжин