Электрон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлхийн номер нэг үзэсгэлэнгүүдийн нэг “IFA-2015” Германы нийслэл Берлин хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Энэ үзэсгэлэнд “Panasonic” компани ч оролцож байгаа бөгөөд тэдний “Smart home буюу Ухаалаг гэр”-ийн үйлчилгээ олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Энэхүү гэрт барууны нэгэн сэтгүүлч үйлчлүүлсэн тухайгаа бичсэн нь Америкийн нийгмийн сүлжээгээр хэдэн мянган удаа шэйрлэгдэж, трэнд сэдэв болж байна.
27 настай сэтгүүлч залуу “Ухаалаг гэр”-т зочилж, дижитал make-up хийлгэжээ. Түүнээс шаардах ганц зүйл нь зөвхөн “шидэт” толь руу харах байсан хэмээн сэтгүүлч бичсэн байна.
“Panasonic”-ын "Interactive Mirror" буюу “Шидэт толь” дээр бүхий л үйлчилгээ явагдана. Энэ нь “Цасан цагаан”-ы үлгэрт гардаг шидэт толины үүргийг биелүүлэх бөгөөд үйлчлүүлэгчийн гоо сайхан, эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгч байх аж.
Толины дунд байрлах зууван дүрс нь товч дарснаар идэвхижих бөгөөд үйлчлүүлэгчийн бодит ирээдүйг харуулдаг байна. Уг мэргэжлийн зөвлөхөөр дамжуулан үйлчлүүлэгч хүссэн стиль имиджээ өөртөө зохих эсэхийг, эсвэл өөрт хамгийн төгс зохицох дүр төрхийг бүтээж болох юм байна.
Сэтгүүлч залуу энд хөмсөг, үсээ засуулж, сахал тавьж үзсэнийг эдгээр зургуудаас харж болно. Мөн тэр өөрийгөө эмэгтэй хүн шиг төгс өөрчилж болох будалтыг ч судалсан байна.
Дижитал make-up үйлчилгээний хамгийн гол давуу тал нь хөөрхөн болгох зорилготой жижиг аппликэйшнүүдээс тэс өөр гэдгийг зохион бүтээгчид нь онцолж байна. Өөрөөр хэлбэл гоо сайхны аппликэйшнүүд хүний зургийг сайхан болгодог бол Шидэт толь та ингэвэл хэрхэн харагдах, түүнд хүрэхийн тулд хэрхэн ажиллах ёстойг цогцоор мэдээлдэг аж.
“Panasonic”-ын “Ухаалаг гэр”-т дижитал make-up-аас гадна биеийн температур, зүрхний цохилт, чийгшилтийн түвшин хэмжигч, унтах циклийг тодорхойлогч зэрэг олон үйлчилгээ үзүүлж байна.
Одоогоор энэ үйлчилгээг зах зээлд түгээх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Г.Үжин