Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Уран бүтээлийн хэлтсийн дарга Х.Энхбаттай уулзаж Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний талаар ярилцлаа.
-Энэ 9 сард болох гэж байгаа Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар ярина уу.
-Их Монгол Улсын их хаад дотроос төрсөн өдөр нь тодорхой байдаг хаан нь Юан гүрний хаан Хубилай цэцэн байдаг юм. Хубилай хаан дэлхийн түүхнээ соёл иргэншлийн шинэ үеийг буюу сэргэн мандалтыг үүсгэн одоогийн бидний хэллэгээр даяршлыг жинхэнэ утгаар нь буй болгон аль ч орны ард иргэд Монголын эзэнт гүрний нутаг дээгүүр айх аюулгүй зорчин худалдаа арилжаа хийж шинэ шилдэг технологиуд харилцан нэвтрэлцэж шилдэг бүтээл, бүтээгдэхүүн гарч байсан нь яах аргагүй дэлхийн хөгжил байхаас өөр аргагүй тул монголчууд бид их дээдсээрээ бахархан хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг хэмээн санана. Гол нь бид хий хоосон зүйлээр онгирон сагсуурах бус нэгэнт цагаан дээр хараар бичигдсэн түүхийн үнэнийг буй чигээр нь олон түмэнд хүргэх, монгол түмний бахархлыг төрүүлж зөв үйлийг нь дэлгэрүүлж удам судраа дээдлэхэд ой тэмдэглэх гол зорилго орших ёстой болов уу хэмээн би сэтгэнэ. Учир нь Хубилай их хааныг хятадын гүрний хаан байсан, хамаг зүйлээ авч нүүсэн урвагч мэтээр ойлгох буруу ташаа ойлголт бас байсаар байгааг нуух юун. Хоёр их иргэншлийн зааг дээр Юан гүрнийг байгуулсан нь ердийн санамсаргүй хэрэг биш байсныг өнөөгийн манай эрдэмтэд дурдаад байгааг ухах хэрэгтэй юм билээ. Хубилай их хаан Монголын алтан ургийн хаан байснаас гадна дэлхийн соён гэгээрүүлэгч байсан гэдгийг хүн болгон ойлгоосой. Харин манай засгийн газраас дэмжиж их хаанд хүндэтгэл үзүүлэн 800 жилийн ойг 9 сарын 15-23-ны хооронд тэмдэглэх гэж байгаа нь таатай, нөгөө талаараа бид зөвхөн нүүдэлчин ардын соёлтой улс гэж явцууралгүй Их Монгол Улсаас уламжлалтай төрийн их ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаатай, тэр нь ордны болон том өргөө харшийн дэг жаягтай байсныг сэргээж буй хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.
-Тэгэхээр 800 жилийн ойн үеэр тухайн үеийн ордны ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг сэргээн хийх нь гэж ойлгож болох уу?
-Болно оо. Гэхдээ яг Юан гүрний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг тэр чигээр нь буулгах биш Их Монгол Улсын үед үзүүлдэг байсан ёслол хүндэтгэлийг ерөнхийд нь баримтлан хийхээс гадна орчин цагийн найруулга, дэглэлтээр эртний болон орчин цагийн бүтээлүүдийг ашиглан төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг сэргээн шинэчилж манай чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, найруулагч Н.Болд нар тавих юм. Жишээ нь эзэн Чингис хаан, Өгөдэй хаан, Хубилай хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Юан гүрний үед байсан төрийн их найрлын уламжлалыг сэргээн Монгол Улсын ерөнхийлөгчийн 2005 онд гаргасан зарлигаар дахин байгуулан эгшиглүүлж буй Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлыг 256 хөгжимчний бүрэлдэхүүнтэй эгшиглүүлэх, шинэээр дэглэн тавигдсан ордны ёслол хүндэтгэлийн тахилга тайлгын бүжгийг бүжиглэх, 13-р зууны үеийн төрийн дуу хэмээх “Эртний сайхан” уртын дууг дуулах зэрэг олон зүйлүүдийг оруулж байгаа. Эдгээр бүтээлүүдийг тавих, сэргээх ажлыг хийхэд аргагүй ҮДБЭЧ гол суурь нь болж байгаа юм. 2012 оноос хойш манай чуулгын урын сангийн бодлого түүхэн сэдэв, монголын бахархлыг бүтээхэд их чиглэж байгаа. Тодруулбал манай чуулгын захирал Г.Цоггэрэл зарим хүний танидагаар “Хувьсал”-ын Цогоо өөрөө санаачлан 2013 онд “Монголын их хатад” бүжгэн туульсыг бүтээсэн, одоо энэ онд “Монголын их хаад” бүжгэн жүжгийг бүтээх гэж байна. Чуулга маань 2013 онд “Салхины дууль” Хүннү гүрний сэдэвт концертыг, 2014 онд “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг бүтээсэн. Чуулгын 200 орчим уран бүтээлчид ажилчид л энэ том сэдэв, энэ том бүтээлийг хийж чадна гэдгийг чадварлаг продюсер, менежерийн хувьд олж харсан байна л даа.
-Хувьслын Цогоо чуулгад захирлаар ирснээр чуулгын өнгө, нүүр царай хэрхэн өөрчлөгдөв? Танай чуулга “Жалам хар”, “Халуун элгэн нутаг” бүтээлүүдийг шинэчлэн бүтээснээр олны таашаалыг хэр хүртэв?
-Чуулгын нүүр царай хэрхэн сайжирч өөрчлөгдөж байгааг үзэгч олон өдөр бүр үзэж мэдэрч байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга үзүүлж байна” гээд их олон тоглолт, уран бүтээл, видео клип, реклам телевизүүдээр явж байгааг үзэгчид өдөр бүр үзэж байгаа. Ийм хурдтай, гүйлгээ ухаантай, зоригтой, энгийн даргатай хамтран ажиллаж байгаадаа би болоод манай хамт олон үнэхээр баяртай байгаа. Та бүхэн манай чуулгын 2012 оноос хийсэн “Халуун элгэн нутаг”, “Жалам хар”, “Дугуй хээтэй наадам” зэрэг видео клипүүд, “Монголын их хатад”, “Оройн дээд” шинэ уран бүтээлүүд, “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал Рок поп оддын Их хуралдай”,“Монгол урлагийн гайхамшиг”, “Жаран дамжсан аялгуу”, “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтууд гээд бүтээлүүдийг үзээд чуулга зөвхөн өнгө, нүүр царайгаа зассан байна уу, уран бүтээлч хүний дотоод сэтгэлийн их хүч, урам зоригийг хөглөн дотоод чанараа ч мөн өөрчилсөн байна уу гэдгийг анзаарахад л таны асуултын хариулт тодорхой болох юм. Жүжигчин, найруулагч хүн болоод тэр үү, угаас сэргэлэн чанартай болоод тэр үү, уран бүтээлийг уран бүтээлчид, ажилчдын зүрх сэтгэлтэй нь шууд харилцан хөглөж хамтран бүтээгээд өөрөө менежментээ хийн олон түмэнд хүргэдэг онцлогтой. Урлагийн хүн ийм чадварлаг менежментийг давхар эзэмшин байгууллагыг амжилттай удирдана гэдэг ховор шүү. Чуулгын уран бүтээлчид, ажилчдыг өлсгөхгүй, зутраахгүй хэмээн хамгаалж хайрлаж байдаг чанарыг нь манай чуулгынхан хайрладаг. Уран бүтээл гэдэг сэтгэл зүрхнээс гардаг учиртай.
-Танай чуулгын ой энэ онд тохиож байгаа. Ямар сонин бэлэг барих вэ?
-Тийм ээ. Манай чуулгын 65 жилийн ой энэ оны 12 сарын 1-нд тохиож байгаа. Бид ойдоо зориулан ТС, МУГЖ Д.Сосорбарамын найруулгаар “Монголын их хаад” бүжгэн жүжгийг бүтээх юм. Ерөнхий бүжиг дэглээчээр ТС, МУУГЗ С.Сүхбаатар ажиллана. Мөн уран бүтээлийн гурван алба буюу ангиудын шилдэг уран бүтээлийн тоглолтуудыг өргөн барина. “Монголын их хатад” бүжгэн туульс, “Монголын сайхан орон” Үндэсний хөгжмийн их найрлын шилдэг бүтээлийн тоглолт, “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг үзэгч олонд цувралаар тоглож сонирхуулна. Бас ойдоо зориулсан шинэ уран бүтээл болох сэдэвчилсэн концертыг өргөн барина. Энэ бүтээлийн найруулагчаар би ажиллах бөгөөд бас л өнөө Цогоо захирлын санаачилсан бүтээл юм. Нүүдэлчдийн соёлоос түлхүү ордны ёслол хүндэтгэлийг харуулан монголын түүх соёлоор багахан аялах юм. Товчхондоо цаг тооны машинаар аялан багахан омогших гэсэн хэрэг. Энэ нь манай чуулгын өмнөх бүтээлүүдээс баахан өмнөө болж буй хэрэг ч үзэж гэмээ нь бидний судсаар гүйж буй монгол цусны дархлаа батжих магад юун. Ойдоо барих бэлгүүдийг маань үзээрэй та бүхэн.
Монголын урлаг яруу тунгалаг байх болтугай. Ярилцлага өгсөнд баярлалаа.